МОНГОЛБАНК 3-Р САРД 734 КГ АЛТ ХУДАЛДАН АВЧЭЭ
Монголбанк өнгөрөгч гуравдугаар сард иргэд, байгууллагаас нийт 734 кг алт худалдан авсан хэмээн мэдээллээ.
Тодруулбал тус банкны алт худалдан авалтын дүн 2018 оны эхний гурван сарын байдлаар 2.3 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсчээ. Энэ оны гуравдугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын ханш бага байснаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 101 мянга 822.30 төгрөг байлаа.
Монголбанкны алт худалдан авалтын дүн 2018 оны эхний улиралд харьцангуй бага байгаа нь шороон ордоос олборлолт хийдэг компаниудын ажил эхлээгүй, зөвхөн үндсэн ордын үйл ажиллагаа өрнөж буйтай холбоотой гэдгийг албаныхан хэлж байна.
Алт олборлолтын үйл ажиллагаа нь улирлын шинжтэй бөгөөд жилийн 8, 9, 10 дугаар сард хамгийн идэвхтэй олборлолт явагддаг байна.
Эх сурвалж: Montsame.mn