{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.05.22 - 2022.05.26

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.05.22 - 2022.05.26


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,154.41 нэгжид хүрч, 2.5%-ийн бууралттай хаагдлаа. ХХБанкны IPO захиалгатай холбоотойгоор хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарж ХХБанкны анхдагч зах зээлийн хувьцааны арилжаанд орсон нь зах зээл уналттай байхад гол нөлөөг үзүүллээ.
  2. Худалдаа, хөгжлийн банкны IPO-ны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа. Анхдагч зах зээлийн арилжаанд нийт 2,528 хөрөнгө оруулагчаас 105.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авах захиалга ирсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 26.4%-иар өндөр дүн боллоо. МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжааны журамд заасны дагуу захиалгын дүн санал болгож буй үнэт цаасны үнийн дүнгээс давсан тул хувь тэнцүүлэх аргыг ашиглан үнэт цаасны хуваарилалт хийх юм. Олон нийтээс ирсэн захиалгын 10 ширхэг буюу 330,000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий захиалгыг 100% биелүүлж үлдсэн дүнг 34.9% коэффициентоор хувь тэнцүүлэх тооцоололтой байна.
  3. Сайн засаглал, санхүүгийн хүртээмж, тогтвортой өсөлтийн илэрхийлэл ХасБанк хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэллээ. ХасБанк нийт хувьцааныхаа 5.01%-ийг 677 төгрөгийн нэгжийн үнээр анхдагч зах зээлд арилжаалж 35.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ. Анхдагч зах зээлийн арилжаа 2023 оны 6-р сарын 5-ны 16:00 цагт хаагдана.
  4. “АПУ” ХК нь 2023 оны 2-р сарын 13-ны өдрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Тогтоолоор 2022 оны 2-р хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсний дагуу нэгж хувьцаанд 41.8 төгрөгийн ногдол ашгийг /татвар хассан дүнгээр/ хувьцаа эзэмшигчдийнхээ ҮЦТХТ дэх БЭЛЭН МӨНГӨ-ний дансанд шилжүүллээ. Энэхүү ногдол ашгийг хүлээн авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2023 оны 4-р сарын 07-ны өдөр байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өрийн таазыг нэмэгдүүлэх хэлэлцээр болон NVIDIA компанийн 1-р улирлын тайлан хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан 7 хоног байлаа. Өрийн таазны талаарх хэлэлцээр тодорхой шийдвэрт хүрэхгүй байсан нь зах зээлд сөрөг нөлөө үзүүлсэн хэдий ч NVIDIA компанийн тайлан зах зээлд эергээр нөлөөллөө. 7 хоногт S&P 500 индекс 0.3%, технологийн NASDAQ Composite индекс 2.5%-ийн тус тус өсөлттэй байсан бол DJIA индекс 1.0%-ийн бууралттай байлаа. 5-р сарын 29 буюу Даваа гарагт Дурсамжийн өдрийг тохиолдуулан АНУ-ын хөрөнгийн зах зээл амарна.
  2. Чип үйлдвэрлэгч NVIDIA компанийн хувьцааны ханш Пүрэв гарагт 24% өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 963.18 тэрбум ам.долларт хүрч дэлхийн нээлттэй компаниудад зах зээлийн үнэлгээгээрээ 6-т эрэмбэлэгдэж эхэллээ. Тус компанийн 1-р улирлын тайлан шинжээчдийн ашгийн нэгдсэн хүлээлтийг ихээхэн давж, түүний дараа ирээдүйн ашгийн төсөөллөө нэмэгдүүлсэн нь хувьцааны ханш өсөхөд нөлөөллөө.
  3. Ерөнхийлөгч Байденыг 7 хоногийн эхээр Япон улсаас буцаж ирсний дараа өрийн таазны хэлэлцээр дахин эхэлсэн ч тодорхой шийдвэрт хүрэхгүй байсан нь 7 хоногийн эхэн үед хувьцаануудын ханш унахад нөлөөллөө. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн мэдээллээр 6-р сарын 1 (X-огноо) болохоос өмнө өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх хэлэлцээр хийгдэх төлөвтэй байна.
  4. Инфляцын хэмжүүр гэж үздэг үндсэн (хоол хүнс, эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон) хувийн хэрэглээний зардлын (PCE) үнийн индекс 4-р сард 0.4%-иар өссөн нь хүлээлтээс дээгүүр үзүүлэлт боллоо. Жилийн дүнгээр авч үзвэл тус индекс 4.7%-ийн өсөлттэй байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Эдийн засгийн хэтийн төлөв саарч буй болон АНУ-ын өрийн таазны хэлэлцээрийн тодорхойгүй байдлын улмаас Европын хувьцаанууд 7 хоногт уналттай байлаа. STOXX Europe 600 индекс 1.6%, Их Британийн FTSE 100 индекс 1.7%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
  2. Герман улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 оны 1-р улиралд 0.3%-иар агшлаа. Өрхийн хэрэглээний зардал буурсан нь эдийн засгийн өсөлт буурахад гол нөлөөг үзүүлсэн байна.
  3. Европын төв банкны бодлого боловсруулагчид дунд хугацаанд инфляцыг зорилтот түвшинд барихын тулд зээлийн хүүг цаашид өсгөж, өндөр хэвээр байх шаардлагатай гэдэгт санал нэгдэж байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээлийн жишиг NIKKEI 225 индекс сүүлийн 33 жилийн дээд түвшин буюу 31,000 нэгжийг 7 хоногийн эхэн үед давсан бол эцэс үед буурч 30,916 нэгжид хаагдлаа. Япон улсын эдийн засаг 2023 оны 1-р улиралд 1.6%-ийн (YoY) өсөлттэй гарсан нь хувьцааны ханш өсөхөд эерэг нөлөө үзүүллээ.
  2. Япон улсын үйлдвэрлэлийн идэвхжил 5 сард тэлэлттэй гарсан нь сүүлийн 7 сарын анхны тохиолдол боллоо. Мөн үйлчилгээний салбар бага хэмжээний тэлэлттэй гарсан ба энэ нь тус улсын аялал жуулчлалын салбарын идэвхжил нэмэгдэж байгаатай шууд холбоотой байна.
  3. АНУ-ын төв банкны бодлого боловсруулагчид мөнгөний хатуу бодлого удаан хугацаанд үргэлжлэх дохиог зах зээлд өглөө. Үүний зэрэгцээ, Японы төв банкны ерөнхийлөгч Казүо Уэда инфляцыг зорилтот 2%-д хүрэх хүртэл Японы төв банк хэт сул мөнгөний бодлогын байр сууриа хэвээр хадгална хэмээн бататгасан юм. Үүнтэй холбоотойгоор Япон улсын иений ханш ам.долларын эсрэг суларч 1 ам.доллар 140.6 иентэй тэнцэж хаагдлаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын эдийн засгийн хурдтай өсөлтөд хөрөнгө оруулагчид санаа зовниж байгаатай холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 2.2%, CSI 300 индекс 2.4%-ийн тус тус уналттай байлаа.
  2. 5-р сарын эхээр БНХАУ-ын Ардын Банк (PBOC) нэг жилийн болон таван жилийн хугацаатай зээлийн хүүгээ хэвээр үлдээсэн нь үндсэн хүү 9 дэх сар дараалан тогтвортой байгаа үзүүлэлт болж байна.
  3. БНХАУ-д энэ 7 хоногт томоохон эдийн засгийн үзүүлэлт, бодлогын арга хэмжээ гарсангүй. Гэвч тахлын дараах улсын сэргэлт эрчээ алдаж байгааг нотлох баримтууд нэмэгдэж байгаа нь эдийн засгийн төлөв байдлын талаарх санаа зовнилыг нэмэгдүүлж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ