{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.10.10 - 2022.10.14

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.10.10 - 2022.10.14


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 33,948.05 нэгжид хүрч, 0.87%-ийн өсөлттэй хаагдлаа.
  2. 2022 оны эхний гурван улирлын байдлаар Монгол улс нийт экспортынхоо 84.5%-ийг буюу 7.5 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ-д нийлүүлжээ. Үүний 53%-ийг нүүрс, 30%-ийг зэсийн баяжмал эзэлж байна. Мөн импортын гуравны нэгийг буюу 1.9 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ-аас нийлүүлж байгааг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
  3. 7 хоногт төгрөг ам.долларын эсрэг 0.31%-иар суларч, 1 ам.доллар 3,370.14 төгрөгтэй тэнцсэн бол БНХАУ-ын юанийн эсрэг 0.60%-иар чангарч, 1 юань 469.31 төгрөгтэй тэнцэж хаагдлаа.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 9-р сарын инфляцын түвшин өндөр гарснаар ХНС-аас бодлогын хүүгээ өндрөөр өсгөх хүлээлт үүсэж улмаар хувьцааны зах зээлийг илэрхийлэх томоохон индексүүд 7 хоногт бууралттай байлаа. "S&P" 500 индекс 3,583.07 нэгжид хаагдсан нь 2020 оны 11-р сарын үзүүлэлттэй тэнцүү хэмжээнд очсон үзүүлэлт боллоо. 
  2. "S&P" 500 индексийг салбараар нь ангилбал эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбарын хувьцаанууд өсөлттэй байсан бол өргөн хэрэглээний бус үйл ажиллагаа эрхэлдэг салбар болон харилцаа холбооны салбарын хувьцаанууд бууралттай байлаа. (Amazon.com, Meta Platforms-ийн хувьцаа буурсан нь гол нөлөөг үзүүлсэн.)
  3. АНУ-ын 9-р сарын инфляц хүлээлтээс давж 8.2% гарлаа. Инфляцын түвшин өндөр гарахад хоол хүнс, орон байр, эмнэлгийн үйлчилгээний үнэ өссөн нь гол нөлөөг үзүүлжээ. Үүний зэрэгцээ суурь инфляц буюу хоол болон эрчим хүчний нөлөөг хассан инфляц 6.6%-д хүрсэн нь 1982 оноос хойших хамгийн дээд түвшин боллоо. 9-р сарын инфляц өндөр гарсан тул Холбооны нөөцийн сан 11 сард бодлогын хүүгээ 0.75% өсгөж, 4.00%-д хүргэх төлөвтэй байна. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцаанууд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. "Germany’s DAX" индекс 1.34%, "France’s CAC 40" индекс 1.11%, "Italy’s FTSE MIB" индекс 0.14% тус тус өссөн бол "STOXX Europe 600" индекс 0.09%, "UK’s FTSE 100" индекс 1.89% тус тус бууралттай хаагдлаа.
  2. Европын төв банкны дэд ерөнхийлөгч өндөр инфляцын дарамттай холбоотой эдийн засгийн хямрал үүсэхэд Европын төв банк бэлтгэлтэй байгаагаа мэдэгдлээ. Өндөр инфляцыг хяналтдаа авахыг тулд бодлого боловсруулагчид 2023 онд мөн бодлогын хүүгээ өсгөсөөр байхыг дэмжсэн төлөвтэй байна. 
  3. Евро бүсийн аж үйлдвэрийн үйлдвэрлэл 8-р сард 1.5% -иар өслөө. Франц, Итали улсуудад үйлдвэрлэл өсөлттэй байгаа хэдий ч Герман улсад бууралттай байна. Евро бүс 7-р сард 34 тэрбум еврогийн худалдааны алдагдалтай байсан бол 8-р сард 51 тэрбум евро болж өсжээ. Үүнд эрчим хүчний импортын өртөг өссөн нь гол нөлөөг үзүүлжээ. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байлаа. Хувьцааны зах зээлийн буурсанд Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ өндрөөр өсгөх хүлээлт, иений ханшийн сулрал нь гол нөлөөлтэй байлаа. 
  2. АНУ-ын 9-р сарын инфляц өндөр гарсан тул тус улсын төв банк бодлогын хүүгээ өндрөөр өсгөх төлөвтэй байгаатай холбоотойгоор иений ханш ам.долларын эсрэг 7 хоногт дахин суларлаа. 7 хоногт 1 ам.доллар 148.67 иентэй тэнцэж хаагдлаа. Энэ нь сүүлийн 32 жилийн доод үзүүлэлт юм. 
  3. Иений ханшийн сулралын эсрэг Япон улсаас хариу арга хэмжээ авч интервенц хийсээр байгаа боловч ХНС болон Японы төв банк хоорондын бодлого зөрүүтэй байгаа тул валютын ханшийг тогтвортой барихад хүндрэлтэй байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Хувьцааны зах зээл тус улсын төв банкны хөрөнгийн зах зээлийг дэмжих төлөв, БНХАУ-ын Коммунист намын Үндэсний их хурлын үеэрх өөдрөг хүлээлтийн нөлөөгөөр өсөлттэй байлаа. (Уг хурал нь 5 жилд 1 удаа болдог.)
  2. БНХАУ-ын Ардын Банк (PBOC) дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцны төслүүдийг дэмжихэд анхаарлаа хандуулах болохыг төв банкны бодлого боловсруулагч мэдэгдлээ. Мөн тэрээр төв банк эдийн засгийг бодитойгоор дэмжих мөнгөний бодлого баримтлах болохыг мэдэгдсэн. 
  3. БНХАУ-ын юань ам.долларын эсрэг 7 хоногт дахин суларч, 1 ам.доллар 7.1925 юаньтай тэнцэж хаагдлаа. Ханшийн сулралын шалтгаан АНУ-ын 9-р сарын инфляц өндөр гарсан тул ХНС бодлогын хүүгээ өндрөөр өсгөнө гэх хүлээлттэй холбоотой байлаа.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ