ХӨРӨНГИЙН ЗАХАД IX САРД ӨМНӨХ САРААС 6 ДАХИН ИХ ҮНЭТ ЦААС АРИЛЖЛАА
Есдүгээр сард дотоодын хөрөнгийн захад 20 гаруй тэрбум төгрөгийн үнэт цаас арилжсан байна. Өөрөөр хэлбэл наймдугаар сарынхаас зургаа дахин их хэмжээний арилжаа явагдахад хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа 16.5 тэрбум төгрөгт хүрсэн нь гол нөлөөг үзүүлсэн байна.
Есдүгээр сард IPO гаргах болон нэмж хувьцаа гаргах замаар гурван компани хөрөнгийн захаас санхүүжилт татжээ. Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард хөрөнгийн захад 23 орчим тэрбум төгрөгийн арилжаа явагдаж байсан юм. Тухайн үед нийт арилжааны 88.3 хувийг нь ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа бүрдүүлж байжээ. Харин есдүгээр сарын нийт арилжааны 98.5 хувийг хувьцааны арилжаа дангаараа бүрдүүлсэн нь онцлог болж байна.
Хувьцааны анхдагч зах зээл төдийгүй хоёрдогч зах зээлд “Хай Би Ойл”, “Мах импэкс” зэрэг компаниудын хувьцаа их хэмжээгээр арилжсан нь хувьцааны арилжааны дүнд гол жинг дарсан байна. Тодруулбал, нэг өдрийн дотор “Мах импэкс” компанийн 11 хувь нь нэг тэрбум төгрөгөөр арилжжээ. Харин МҮЦБ-д есдүгээр сард “Анд энерги” компанийн нийт 5.3 сая төгрөгийн хувьцаа арилжсан байна. “Анд энерги” компанийн мэдээлснээр борлуулалтын орлогын төлөвлөгөөнөөс бага зэрэг хоцорч байгаа юм байна. Улаанбаатар хотод салбараа нээгээд байгаа тус компанийн хувьд он дуусахад зорилттоо хүрэх төлөвтэй байгааг мэдээлж байсан юм. Мөн “Анд энерги” компанийн ТУЗ-ийн гишүүн, үүсгэн байгуулагч Д.Мөнхбаяр хувьцаа эзэмшигчдэдээ 2018 оны ашгаас ногдол ашиг тараахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ шийдвэр ТУЗ-ийн хурлаар гарах хүлээлттэй байгаа юм.
Хувьцааны арилжаа идэвхжсэн есдүгээр сард гол индексүүд болон компаниудын хувьцааны ханш хэр хэлбэлзлийг харвал тавдугаар сараас хойш “Топ 20” индекс 20 мянган нэгжээс доогуур тогтож байв. Харин есдүгээр сард “Топ 20” индекс 2.4 орчим хувиар өсөхөд индекст бүртгэлтэй, зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч компаниудын хувьцааны ханш өссөн нь гол нөлөөг үзүүлжээ. Тухайлбал, “Талх чихэр” компанийн хувьцааны ханш нэг сарын хугацаанд есөн хувиар, харин “Говь” компанийн хувьцааны ханш энэ хугацаанд 14 хувиар тус тус өссөн юм. Түүнчлэн I ангиллын компаниудыг нэгтгэн тооцдог MSE A индекс өссөн бол II ангиллын MSE B индекс унасан байна. Есдүгээр сард Монголын Хөрөнгийн биржийн хувьцааны бүртгэлийн ангилалд хэд хэдэн өөрчлөлт орсон. Одоогоор “Ард даатгал”, “Мандал даатгал” компаниуд I ангилалд шинээр бүртгүүлж, “Би Ди Сек” компанийн ангилал ахиснаар I ангилалд 13 компани бүртгэлтэй болоод байна.
Эх сурвалж: BloombergTv.mn