{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 7010 0263, 11311914
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ - 2022 ОН 4-Р САР
2022.04.22

ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ - 2022 ОН 4-Р САР


Дэлхийн Банкнаас Монгол улсын эдийн засгийн тойм тайланг нийтлээд байна. Тус тайлангаас онцлох мэдээллүүдийг хүргэж байна.

2021 оны эхний улирлын хүчтэй сэргэлтийн дараа Монгол Улсын эдийн засгийн сэргэлт 2021 оны сүүлийн гурван улиралд зогсонги байдалд орсон бөгөөд 2022 оны эдийн засгийн өсөлт бага хэвээр байх төлөвтэй байна. 2020 онд 4.4 хувиар буурч, 2021 онд 1.4 хувиар өсөөд байгаа Монгол улсын эдийн засгийг Дэлхийн банкнаас 2022 онд 2.5 хувиар өснө гэж төсөөлж байгаа нь БНХАУ-тай холбоотой хилийн тодорхойгүй байдал болон ОХУ, Украины дайны нөлөөг тусгасан байна.

Бодлогын дэмжлэг үргэлжилж, түүхий эдийн үнэ өсөлттэй байгаа хэдий ч хилийн хаалтаас үүдсэн худалдаа тасалдал, ложистикийн хүндрэлүүд эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна. Инфляцын түвшин 2022 оны 3-р сар гэхэд 14.4 хувиар (н/ж) огцом өссөн нь бодит орлого болон өрхийн хэрэглээнд сөргөөр нөлөөлсөн. Украины дайн гадаад эрсдэлийг нэмэгдүүлж, гадаад валютын эрэлт нэмэгдэж, гадаад валютын нөөц улам бүр багассан гэж тайланд дурджээ.

2021 оны 1-р улиралд үйлчилгээний салбарын сэргэлт, уул уурхайн салбар богино хугацаанд сэргэсэн нь өсөлтийн гол хөдөлгөгч хүч байсан гэж тайланд дурдсан байна. Эрэлтийн талаас авч үзвэл, хөрөнгийн хуримтлал нь ашигт малтмалын нөөц их хэмжээгээр нэмэгдсэнтэй холбоотой өсөлттэй байсан ч засгийн газрын эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүдийг үл харгалзан хувийн хэрэглээ 2021 онд дөрвөн хувиар буурсан байна. 2021 онд БНХАУ-тай хийх гадаад худалдааны тасалдсан нь уул уурхайн экспорт болон дотоодын үйлдвэрлэлийн амин чухал орцуудыг импортлоход саад учруулж байгааг тайланд онцолжээ.

Монгол улсын хамгийн том зэсийн уурхай болох Оюу Толгойн далд уурхайн үе шат 2023 оны хоёрдугаар хагаст ашиглалтад орох төлөвтэй байгаа тул дунд хугацаанд эдийн засгийн өсөлт 2023-2024 онд 6 хувиас дээш байхаар тус тайланд тусгасан байна. 

Хоёр жил үргэлжилсэн төсвийн тэнцвэргүй байдал нь бодлогын орон зайг улам бүр хязгаарлагдмал болгож, урт хугацааны тогтвортой байдалд заналхийлж байна гэж тайланд дурджээ. 2021 онд төсвийн зарлага өссөн бөгөөд үүнд голчлон өгөөмөр боловч зорилтот бус халамжийн хөтөлбөрүүд нөлөөлсөн. Үүний зэрэгцээ, эдийн засгийг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн төсвийн томоохон арга хэмжээнүүдтэй холбоотой засгийн газрын өр болон Төв банкны своп хэлцэл нийтдээ 2021 онд ДНБ-ий 92 орчим хувьд хүрч огцом өсжээ. Түүнчлэн Ирээдүйн өв сангаас Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг санхүүжүүлснээр төсвийн үндсэн алдагдал ДНБ-ий 3.1 хувьд хүрч, төсвийн хүрээ, урт хугацааны тогтвортой байдлыг сулруулсан. 

Мөнгөний бодлогыг илүү үнэмшилтэй инфляцын зорилтод түвшнийг тогтоож, хүүгийн хэмжээг дахин нэмэгдүүлж,  сангийн бодлого мэт санхүүгийн үйл ажиллагаагаа хумьж, валютын ханшинд гадаад сөрөг нөлөөллийг шингээх боломжийг гаргах шаардлагатайг тайланд онцлон тэмдэглэв. Өрийн хэмжээг бууруулж, гадаад болон Засгийн газрын өрийн тогтвортой байдлыг хангахын тулд төсвийн тогтвортой байдал зайлшгүй шаардлагатай. Мөн уг тайланд дунд хугацааны өсөлтийг бэхжүүлэхэд гадаад худалдаа, тээврийн зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, дотоодын бизнес эрхлэлтийг дэмжих зэрэг бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай байгааг онцолжээ.

Тайланг бүрэн эхээр


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ