{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Алтны ханшийн хугацаан цуваа болон ханшид нөлөөлсөн голлох үйл явдлууд

Алтны ханшийн хугацаан цуваа болон ханшид нөлөөлсөн голлох үйл явдлууд


Алт нь зах зээлийн хямрал, дайн, цар тахал, геополитик болон улс төрийн эрсдэл зэрэг эдийн засгийн тодорхойгүй цаг үед таны хөрөнгийн үнэ цэнийг хадгалах, хамгаалах мөн өсгөх хандлагатай байдаг хамгийн аюулгүйд тооцогдох хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. Мөн хөрөнгө оруулагчид алтыг инфляцын эрсдэлээс хамгаалах хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж үздэг.

Зурагт 1969 оны 12-р сараас эхлэн 2023 оны 3 сар хүртэлх сар бүрийн ам.доллароор хэмжигдэх 1 трой унц алтны ханшийг, ханшид голлох нөлөө үзүүлсэн чухал үйл явдлуудын хамт тусган харууллаа.

Эдгээр үйл явдлуудаас үүдэлтэй алтны ханш өндөр өсөлтүүдийг үзүүлж байсан бөгөөд 1970 онд 1 трой унц алт 37.38 ам.доллароор арилжаалагдаж байсан бол 1970-1980 оны хооронд үргэлжилсэн газрын тосны хоригоос үүдэлтэй хямралын улмаас 1980 онд 589.50 ам.долларт хүрсэн юм. Харин 2006 оны эцэст 589.50 ам.долларын түвшнийг эвдэн 635.70 ам.долларт хүрч хаагдсан бол АНУ-ын үл хөдлөх салбарын уналтаас үүссэн их хямралын улмаас жил бүр дараалан өсөлт үзүүлж 2012 онд 1664.00 ам.долларт хүрч хаагдсан байна. 2023 оны 3 сард болсон 2 том банкны төлбөрийн чадварын асуудлын улмаас банкны системийн хямрал болох уу? гэдэг асуулт хөрөнгө оруулагчдад гарч ирсэн ба үүнтэй холбоотойгоор алтны ханш өсөж 2000 ам.долларыг даваад байсан юм.

  • 1969-1970 оны АНУ-ын хямрал нь нийт 11 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд  АНУ-ын урт хугацааны эдийн засгийн өсөлтийн дараа инфляцын өсөлттэй байсантай холбоотойгоор холбооны нөөцийн сангаас инфляцтай тэмцэн мөнгөний хатуу бодлого баримталж байсан.
  • 1970-1980 оны хооронд Египет, Сири улс нь Арабын нэгдсэн улсын дэмжлэгтэйгээр Израил улсын эсрэг дайралт хийж, АНУ энэхүү дайнд Израилын талд орохоор шийдвэрлэсэн нь ОПЕК-ийн Арабын төлөөлөгчдийг уурлуулж, АНУ, Канад, Их Британи, Япон, Нидерланд улсуудад газрын тосны экспортод нь хориг тавьсан. Энэхүү хоригоос үүдэлтэй нийлүүлэлтийн хомсдол бий болж нефтийн үнэ 350%-иар өсч, өндөр өртөг нь эдийн засагт хүчтэй нөлөөг үзүүлжээ. Үнийн өсөлт явагдсантай холбоотойгоор бизнес эрхлэгчид ажилчдаа цомхотгож ажилгүйдлийн түвшин өссөн. Инфляцын өсөлт, эдийн засгийн зогсонги байдал нь "стагфляци" үүсгэж нөхцөл байдлыг улам дордуулсан юм. Мөн хямралын сүүл үе буюу 1978-1979 онд Иран улсад улс төрийн хувьсгал болсон юм. Үүний дараа 1980-1988 онд Иран-Иракийн дайн эхэлсэн байдаг.
  • 1991 оны 12 сард хүйтэн дайн дууссан бөгөөд 1987 оноос хойш алтны ханш 5 жил дараалан уналтыг үзүүлсэн юм.
  • 1995-2001 он хүртэлх хугацаанд хөрөнгийн зах зээл дээр интернэт хэрэглээ асар их өсөлттэй байсан үеийн Дот-Комын хөөсрөлт хагарч, Азийн орнууд санхүүгийн томоохон хямралтай нүүр тулсан.
  • 2007-2008 оны санхүүгийн хямрал нь 1939 оны их хямралаас хойш болсон хамгийн том хямрал гэж хэлэгддэг. АНУ дахь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал нь олон улсын банкны томоохон хямрал болж олон банк дампуурсан юм.
  • 2019 оны 11 сард бидний мэдэж байгаачлан Ковид-19 цар тахал тохиолдож зах зээлд эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн бол 2022 оны эхэн үеэс улс орнууд инфляцын эсрэг мөнгөний хатуу бодлого баримталж эхэлсэн.
  • 2022 оны 2-р сарын 24-нд Орос Украины зарим хэсгийг эзэлсэн. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг дайны нөхцөл байдал удаашруулж, инфляцыг нэмэгдүүлсэн юм. Дэлхийн хоёр дахь том түүхий шатахуун экспортлогч орон дайны байдалд шилжсэнээр шатахууны болон хүнсний бүтээгдэхүүний үнэ хурдацтай өсөж, орлого багатай орнуудын эмзэг бүлгийн хүн амд хамгийн ихээр нөлөөлсөн юм.
  • 2023 оны 3 сарын 10-нд Silicon Valley Bank төлбөрийн чадварын эрсдэлд орж дампуурлаа зарласан бөгөөд энэ нь 2007-2008 оны санхүүгийн хямралаас хойших 2 дахь хамгийн том банкны дампуурал болсон юм. Үүний дараа Credit Suisse банк мөн төлбөрийн чадварын эрсдэлд орсноос үүдэн UBS банк Credit Suisse-г 3 тэрбум Швейцар франкаар худалдаж авсан билээ. Алтны ханш 3 сарын 10-ны өдрийн хаалтын ханш болох 1831.29 ам.доллароос 8.4% өсөж 4 сарын 6 эцсийн байдлаар 2007.80 ам.долларт хүрч хаагдсан байна.

Алт нь зах зээл уналттай үед найдвартай хөрөнгө оруулалт гэж хөрөнгө оруулагчид үздэг бөгөөд үнийн өөрчлөлт нь бусад хувьцаанаас хамааралгүй учраас бусад хөрөнгө оруулалтын эсрэг эрсдэлийг бууруулах хэрэгсэл болж, хөрөнгө оруулалтын багцыг төрөлжүүлдэг.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ