{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮСХ: ЭРДСИЙН ЭКСПОРТ 21.2%-ААР ӨСӨВ

ҮСХ: ЭРДСИЙН ЭКСПОРТ 21.2%-ААР ӨСӨВ


Image result for mineralsЭнэ оны эхний 8 сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт 8.5 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 4.7 тэрбум доллар, импорт 3.8 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаад худалдааны нийт бараа эргэлт 23.7%, экспорт 13.9%, импорт 38.3%-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Оны эхний найман сарын байдлаар эрдсийн экспорт мөнгөн дүнгээр 3.98 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 21.2%-аар өссөн дүнтэй гарлаа. Энэ дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр 1.85 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь 17.3%-ийн өсөлтийг харуулж байгаа юм. Нүүрсний экспортын биет хэмжээ мөн хугацаанд 23.8 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 1.4%-аар өссөн дүнтэй гарлаа. Сарын дүнгээр өнгөрсөн 8-р сард 2.98 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх долдугаар сарынхтай 17%-аар өссөн дүн боллоо.

Мөн гол экспортлогчдоос дурдвал, 9-р сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” 9.5 сая тонн нүүрс экспортолжээ. Тус компани энэ онд нийт 13 сая тонныг гаргахаар зорьж байгаа аж. Харин Хөшөөтөд олборлолт хийж байгаа “Mongolia Energy Corporation” өнгөрсөн онд бүтэн жилийн хугацаанд 630 мянган тонн баяжуулсан нүүрс экспортолж байжээ. Энэ оны эхний 9 сард энэ үзүүлэлтээсээ хэдийн давсан байна. Оны эцэс гэхэд нэг сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа ажээ. “Энержи Ресурс” компани оны эхний хагас жилд 2.1 сая тонн боловсруулсан нүүрс борлуулаад байна.

Зэсийн баяжмалын экспортын тухайд оны эхний найман сард 959.5 мянган тонныг гадагш нийлүүлж, 1.33 орчим тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ нь зэсийн баяжмалын экспорт биет жингээр 2.1%-аар буурсан бол орлогын түвшин 28.7%-аар дээшиллээ. Харин боловсруулсан цэвэр зэсийн экспортын хувьд мөн хугацаанд жингээр 9085.7 тонн, мөнгөн дүнгээр 59.6 сая ам.долларт хүрсэн нь биет жингийн хувьд 15.6%-аар, орлогын дүн 2.1%-аар тус тус буурсан дүнтэй гарав.

Гол экспортлогчдын нэг “Оюу Толгой” компани II улиралд үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ 1.5 хувиар нэмэгдэж, алтны үйлдвэрлэл 19 хувиар өссөн талаар “Turquoise Hill Resources” компани санхүүгийн тайландаа дурдсан байна.

Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны тухайд мөн хугацаанд 3.4 тонныг экспортолж, 144.5 сая ам.долларын орлогын дүнгийн биелэлттэй гарлаа. Энэ нь жин болон орлогын хувьд бараг 60%-аар буурсан үзүүлэлт юм. Гэхдээ Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ оны эхний 8 сарын байдлаар 12.2 тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхтэй адил түвшинг харуулсан байна.

Боловсруулаагүй газрын тосны экспортын хувьд 4.4 сая орчим баррелийг экспортолж, 287 орчим сая ам.долларын орлоготой ажилласан дүнтэйгээр оны эхний 8 сарыг үдэж байна. Энэхүү үр дүн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 13.3%-аар буурсан боловч орлогын дүн нь 17.3%-аар өссөн гэсэн үг.

Одоогоор “Петрочайна дачин тамсаг” компани газрын тосны XIX, XXI блокоос, “Доншен” компани газрын тосны 97 дүгээр талбайгаас газрын тос олборлон экспортолж байна. Газрын тосны ханшийн өсөлт экспортод эергээр нөлөөлж байна.

Нэг баррель брэнт газрын тосны ханш 8-р сарын эцэс гэхэд 78.02 ам.долларт хүрч өсжээ. Энэ нь өмнөх сарынхаас 7 орчим хувиар өссөн байна.

Төмрийн хүдрийн экспортын тухайд оны эхний 8 сард 4.59 сая тоннд хүрч, 210.3 сая ам.долларт хүрсэн нь биет жингээр 20.5%-аар, орлогын дүн нь 2.3%-аар өссөн үзүүлэлттэй гарлаа.

Цайрын хүдэр, баяжмалын экспорт мөн хугацаанд 81.2 мянган тонн болж, орлогын дүн нь 138.5 орчим сая долларт хүрчээ.Цайрын экспорт ийнхүү жингээр 0.2%-аар, орлогын дүн нь 16.6%-аар тус тус өсөв.

Жоншны хүдэр, баяжмалын экспортын тухайд оны эхний 8 сарын байдлаар 289 мянган тонныг гадагш нийлүүлж, 97 сая ам.доллар олсон нь биет жингээр 51.4%, орлогын дүнгээр 2 дахин өссөн дүнтэй гарлаа.

Молибденийн баяжмалын экспорт эхний 8 сарын байдлаар 3.9 мянган тоннд хүрч, 31.7 сая ам.доллартай тэнцсэн нь биет жингээр 6.5%-аар буурсан ч, үнийн дүнгийн хувьд 36.3%-аар нэмэгдсэн дүнг илтгэлээ.

Хар тугалганы худалдааны хувьд 12.4 мянган тоннд хүрч, 31.8 сая ам.доллартай тэнцсэн нь жингээр 11.1%-аар, орлогын хувьд 12.8%-аар тус тус нэмэгдсэн дүнтэй гарлаа.

Гянтболдын экспорт оны эхний 8 сард 375.8 тоннд хүрч, 4.27 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеийнхээс жингийн хувьд 28.8%-аар буурсан бол орлогын дүн 13.3%-иар дээшилсэн дүн болж байна.


Эх сурвалж: MongolianMiningJournal.com 


Бусад мэдээ