TRQ: 2017 ОНД ОРЛОГО ӨМНӨХ ОНООС 21.9 ХУВИАР БУУРЧ, 939.8 САЯ АМ.ДОЛЛАР БОЛСОН
“Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг өнгөрсөн оны IV улиралд шинжээчдийн таамгийг давж, гурван цент болжээ. Үүнээс гадна IV улирлын орлого нь 251.7 сая ам.долларт хүрсэн талаар санхүүгийн тайландаа дурдсэн байна. Харин 2017 оны хэмжээнд орлого нь 2016 оныхоос 21.9 хувиар буурч, 939.8 сая ам.доллар болжээ. Энэ нь өнгөрсөн онд “Оюу Толгой”-ийн гарц дахь зэс, алтны агууламж буурснаас борлуулалтын хэмжээ багассантай холбоотой юм байна. 2017 онд “Оюу Толгой”-ийн үйл ажиллагааны зардал 711.6 сая ам.доллар болсон нь 2016 оныхоос найм орчим хувиар буурсан дүн болж байгаа аж. Тус компани зардлаа танах арга хэмжээ аваад байгаа юм. “Turquoise Hill Resources” компани 2018 онд ил уурхайн үйл ажиллагаанд 150 сая ам.доллар, гүний уурхайн бүтээн байгуулалтад 1.1-1.2 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна 2018 онд “Оюу Толгой”-ийн зэсийн гарц 125-155 мянган тонн, алтны гарц 240-280 мянган унц байх төлөвтэй байна гэж “Turquoise Hill Resources”-ийн тайланд дурджээ.
Эх сурвалж: BloombergTv.mn