{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.04.15 - 2024.04.19

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.04.15 - 2024.04.19


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 42,142.4 нэгжид хүрч, 1.74%-ийн өсөлттэй хаагдлаа.
  2. Монгол улс 2024 оны эхний 3 сард нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 3.66 тэрбум ам.доллар, импорт 2.41 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл ойролцоогоор 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Экспорт 2024 оны эхний 3 сард өмнөх оны мөн үеэс 107.5 сая ам.доллароор буурсан ба үүнд цайрын хүдэр, баяжмал 74.4 сая ам.доллароор, нүүрс 38.7 сая ам.доллароор, адууны мах 32.6 сая ам.доллароор, лаазалсан махан бүтээгдэхүүн 31.6 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин боловсруулаагүй  буюу  хагас  боловсруулсан  алт  57.9  сая  ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 36.0 сая ам.доллароор тус тус өссөн байна. Импорт өмнөх оны мөн үеэс 474.7 сая ам.доллароор өсөхөд суудлын автомашин 119.1 сая ам.доллар, дизелийн түлш 76.3 сая ам.доллар, автобензин 52.1 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 27.8 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 25.9 сая ам. доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Нийт экспортын 60.5%-ийг чулуун нүүрс, 17.4%-ийг зэсийн хүдэр баяжмал, 5.8%-ийг алт эзэлж байна.
  3. “ХААН Банк” ХК-ийн 2023 оны ногдол ашиг хуваарилах зөвшөөрлийг Монголбанкнаас 2024 оны 4-р сарын 19-д олголоо. 2023 онд “ХААН Банк” ХК 558.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үүний 48.5% болох нийт 271 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 141.73 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилах юм. “ХААН Банк ХК”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2-р сарын 15-ны өдрийн 4 тоот тогтоолд зааснаар Монголбанкнаас зөвшөөрөл олгосноос хойш ногдол ашгийг ажлын 5 өдөр буюу 2024 оны 4-р сарын 25-ны дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах болно.

 АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 2024 оны 3-р сарын инфляцын түвшин жилийн өмнөх үеэс 3.5%, сарын өмнөх үеэс 0.4% тус тус өссөн үзүүлэлттэй гарсан билээ. Үүний дараа Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл инфляцын түвшний дарамт хадгалагдсан хэвээр байгааг онцолж, 2024 оны 3-р сард шинэчилсэн бодлого боловсруулагчдын төсөөллийг дагуу бодлогын хүүг эрт бууруулахгүй байх нөхцөл үүсээд байгааг мэдээлсэн юм. Тэрээр хэрэв шаардлагатай бол бодлогын хүүг бууруулахгүйгээр одоогийн түвшинд хадгалсаар байх болно хэмээн өнгөрөгч 7 хоногт мэдэгдсэн. Үүний нөлөө болон Иран, Израил дахь геополитикийн хурцадмал байдал нь АНУ-ын хувьцаануудын ханш өнгөрөгч 7 хоногт уналттай байхад голлон нөлөөллөө. Тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс гурав дахь 7 хоногоо дараалж уналттай хаагдлаа.
  2. АНУ-ын жижиглэнгийн борлуулалтын дүн 2024 оны 3-р сард жилийн өмнөх үеэс 0.7% өссөн үзүүлэлттэй гарлаа. Дийлэнх шинжээчид 0.4% хэмээн таамаглаж байсантай харьцуулахад хүлээлтийг өндрөөр давсан үзүүлэлт боллоо. 
  3. 2024 оны эхэн үед шинжээчид Холбооны нөөцийн санг 6-р сард болох хурлаас эхлэн ээлж дараалан бодлогын хүүгээ 0.25%-иар бууруулна гэх таамагтай байсан билээ. Харин тус улсын инфляцын түвшин 3.1% - 3.5%-ийн хооронд тогтсон байдалтай байна. Мөн 2024 оны 3-р сарын АНУ-ын жижиглэнгийн борлуулалтын дүн жилийн өмнөх үеэс 0.7% өссөн үзүүлэлттэй гарсныг харгалзан үзвэл бодлогын хүүг бууруулах таамаглал 2024 оны сүүл үе болон хойшлоод байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Ойрх Дорнодод хурцадмал байдал үүсэж байгаатай холбоотойгоор Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа.Тодруулбал, FTSE 100 индекс 1.25%, STOXX Europe 600 индекс 1.18%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
  2. 2024 оны 3-р сарын Их Британийн инфляцын түвшин 3.4%-иас 3.2%-д хүрч буурлаа. Уг үзүүлэлт нь сүүлийн 2 жил хагас хугацаан дахь тус улсын хамгийн доод инфляцын түвшин юм. Их Британийн 2024 оны 2-р сарын ажилгүйдлийн түвшин 3.9%-иас 4.2%-д хүрч өслөө. 
  3. Олон улсын валютын сангийн хурал дээр Европын төв банкны бодлого боловсруулагчид эдийн засгийн гэнэтийн цочролоос сэргийлж буй 2024 оны 6-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг бууруулах хүлээлттэй байна хэмээн онцоллоо.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Ойрхи Дорнодод хурцадмал байдал үүссэнтэй холбоотойгоор Япон улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 6.21%, TOPIX индекс 4.83%-ийн тус тус уналттай хаагдлаа.
  2. Олон улсын валютын зах зээлд Япон улсын иений ханш Баасан гарагт дийлэнх валютуудын эсрэг түр хугацаанд чангарсан боловч эргэн суларч ам.долларын эсрэг сүүлийн 34 жилийн доод түвшиндээ арилжаалагдаж байна. Япон улсын төв банкны ерөнхийлөгч Казүо Уэда нь иений ханшийн сулрал нь инфляцын түвшний өсөлтөд нөлөөлж эхлэх юм бол бодлогын хүүг дахин өсгөх болно хэмээн мэдэгдээд байгаа юм.
  3. Япон улсын 2024 оны 3-р сарын экспорт жилийн өмнөх үеэс 7.3% өссөн үзүүлэлттэй гарлаа. Тус улсын экспорт өндөр өсөлтийг үзүүлээд буй нь сүүлийн 34 жилийн доод түвшинд хүрч сулраад байгаа иений ханш болон БНХАУ-д эдийн засгийн идэвхжил өндөр байгаатай шууд холбоотой байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын 2024 оны эхний улирлын эдийн засгийн өсөлт шинжээчдийн хүлээлтийг давсны улмаас тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.52%, CSI 300 индекс 1.89%-ийн тус тус өсөлттэй байлаа.
  2. БНХАУ-ын 2024 оны эхний улирлын эдийн засгийн өсөлт жилийн өмнөх үеэс 5.3%, улирлын өмнөх үеэс 1.6% тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. Тус улсын 2024 оны зорилтот эдийн засгийн өсөлт 5.0% юм.
  3.  БНХАУ-ын 2024 оны 3-р сарын ажилгүйдлийн түвшин 5.3%-иас 5.2%-д хүрч буурлаа. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ