{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.04.08 - 2024.04.12

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.04.08 - 2024.04.12


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон хувьцаат компаниудын 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хүртэх эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр өнгөрөгч 7 хоногт дууслаа. Хөрөнгө оруулагчид бүртгэлийн өдрийн дараагаар хувьцаагаа зарж улмаар ТОП-20 индекс 41,420.71 нэгжид хүрч, өнгөрөгч 7 хоногт 6.68%-ийн бууралттай хаагдлаа. 
  2. Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) I-р ангилалд бүртгэлтэй Голомт Банк ХК /GLMT/ 2024 оны 1-р улирлын тайлангаа танилцууллаа.
    2024 оны 1-р улирлын үр дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
    • Нийт актив 13.9%-иар өсөж 10.3 их наяд төгрөгт хүрэв.
    • Нийт өөрийн хөрөнгө 16.5%-иар өсөж 1 их наяд төгрөгт хүрэв.
    • Нийт зээл 37.4%-иар өсөж 5.4 их наяд төгрөгт хүрэв. Чанаргүй зээлийн харьцаа 4.3% байна
    • Харилцагчийн эх үүсвэр 29.0%-иар өсөж 7.5 их наяд төгрөгт хүрэв.
    • Татварын дараах цэвэр ашиг 52.5 тэрбум төгрөгөөр буюу 156.1%-иар өсөж 86.2 тэрбум төгрөгт хүрэв.
  3. 2024 оны 3 сарын байдлаар, Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.1%-р өссөн бол өмнөх сараас 0.6%-иар буурсан байна. 2024 оны 3 сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.98 сая төгрөг болж, Хан-Уул  дүүрэгт хамгийн өндөр буюу 4.22 сая төгрөгийн үнэтэй байна.

 АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 2024 оны 3-р сарын инфляцын түвшин өмнөх сараас өссөн үзүүлэлттэй гарснаар тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Засгийн газрын бондын өгөөж болон алтны үнийн хувьд өсөлттэй байлаа. АНУ-ын инфляцын түвшний трендийг урт хугацаанд нь авч үзвэл бууралттай байгаа хэдий ч 2023 оны 11 сарын инфляцын түвшнээс хойших үзүүлэлтийг сар тус бүрээр нь харвал инфляцын түвшин 3.1% - 3.5%-ийн хооронд тогтсон байдалтай байна. Бидний хувьд Холбооны нөөцийн санг инфляцын түвшин 3.1% - 3.5%-ийн хооронд тогтсон байдалтай байгааг харгалзан үзэж зах зээлийн хүлээлтээс хожуу бодлогын хүүг бууруулах болов уу гэх хүлээлттэй байна.
  2. АНУ-ын 2024 оны 3 сарын инфляцын түвшин Лхагва гарагт мэдээлэгдлээ. Тус улсын инфляцын түвшин 3-р сард жилийн өмнөх үеэс 3.5%, сарын өмнөх үеэс 0.4% тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. Инфляцын түвшин Холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагчдын хүлээлтийн дагуу буурахгүй байгаа нь бодлогын хүүг эрт бууруулах хүлээлтийг намжааж байна.
  3. Лхагва гарагт мэдээлэгдсэн инфляцын мэдээний дараагаар Холбооны нөөцийн сангийн 6-р сард болох хурлаар бодлогын хүүгээ бууруулах магадлал 50%-иас 20% болж буурлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Зөвхөн UK's FTSE 100 индекс 1.07%-ийн өсөлттэй байлаа. Үүний шалтгаан нь тус индексэд багтах дийлэнх компаниуд ам.доллароор орлого олдог үндэстэн дамнасан компаниуд гэдэгтэй шууд холбоотой байлаа. Учир нь өнгөрөгч 7 хоногт фунтийн ам.доллартой харьцах ханш суларсан юм.
  2. Их Британийн 2024 оны 2-р сарын Дотоодын нийт бүтээгдэхүүн сарын өмнөх мөн үеэс 0.1% өсөлттэй гарлаа. 
  3. Европын төв банк өнгөрөгч 7 хоногт болсон Мөнгөний бодлогын хурлаар хүлээлтийн дагуу суурь хадгаламжийн хүүгийн түвшнийг 4.0%-д хадгаллаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 1.36%, TOPIX индекс 2.11%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн ихээр сүүлийн 34 жилийн доод түвшинд хүрч сулраад байгаа иений ханшийг ам.долларын эсрэг чангаруулахын тулд бодлого боловсруулагчид ямар бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь байна.
  2. Японы төв банкны бодлого боловсруулагчид өнгөрөгч 3 сард сүүлийн 7 жилд анх удаа сөрөг хүүгийн түвшнийг эерэг болгосон билээ. Төв банкны ерөнхийлөгч иений ханшийг тогтворжуулахын тулд бодлогын хүүг дахин өсгөхгүй хэмээн мэдэгдээд байгаа юм. Учир нь бодлого боловсруулагчдын чухалчилж үзэж буй зүйл нь валютын ханшийн сулрал бус цалингийн үнийн өсөлтөөр дамжсан инфляцын түвшин болон эдийн засгийн идэвхжилийн үзүүлэлтүүд байгаа юм.
  3. Япон улсын иений ханш өнгөрөгч 7 хоногт ам.долларын эсрэг үргэлжлэн суларлаа. Тодруулбал, 1 ам.доллар 153 иентэй тэнцэж суларлаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ нь дефляцийн дарамттай тэмцэж байна. Өнгөрөгч 7 хоногт мэдээлэгдсэн БНХАУ-ын 2024 оны 3-р сарын инфляцын түвшний мэдээ нь тус улсын зах зээлд эрэлт сул байна гэх дохиог хөрөнгө оруулагчдад өгч улмаар тус улсын хувьцааны зах зээл уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.62%, CSI 300 индекс 2.58%-ийн тус тус уналттай байлаа.
  2. БНХАУ-ын 2024 оны 3-р сарын инфляцын түвшин жилийн өмнөх үеэс 0.1%-ийн өсөлттэй гарлаа. Инфляцын түвшин 3-р сард 0.7%-иас 0.1%-д хүрч буурсан нь тус улсын зах зээлд эрэлт сул байгаа дохиог өгч байна.
  3. БНХАУ-ын 2024 оны 3-р сарын экспорт жилийн өмнөх үеэс 7.5%, импорт 1.9% тус тус бууралттай гарлаа. БНХАУ-ын бодлого боловсруулагчид Ардын Их Хурлын ээлжит чуулганаар 2024 оны эдийн засгийн өсөлтийг 5% хэмээн зорилт тавьсан байгаа билээ. Эдийн засгийн өсөлтийг 2024 онд 5%-д хүргэхийн тулд тус улсын бодлого боловсруулагчид нэмж эдийн засгийг идэвхжүүлэх бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ