{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.03.25 - 2024.03.29

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.03.25 - 2024.03.29


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 44,693.58 нэгжид хүрч, 0.40%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Эрдэнэс Тавантолгой” ХК-аас өнгөрсөн 1-р сард 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 108.7 төгрөгийн ногдол ашгийг иргэдэд олгосон. 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр тус компани 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ба нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашгийг иргэдэд олгохоор төлөвлөж байна. 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй иргэнд татвар суутгасан дүнгээр 256 мянган төгрөг олгогдохоор байна.
  3. Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар "Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүйн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор" Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоосон байна. Тус сан нь хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалт татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ба Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулахаар тохиролцсон байна. 

 АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээл 2024 оны 1-р улирлын сүүлчийн 7 хоног буюу өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 2024 оны 1 улиралд 5,254.4 нэгжид хүрч, оны эхэн үеэс 10.16% өссөн үзүүлэлттэй хаагдлаа. Холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагчид 2024 онд 3 удаа бодлогын хүүг бууруулах хүлээлттэй байгаагаа 1-р улиралд тодорхой мэдэгдсэн нь хувьцааны зах зээлийн өсөлтөд голлон нөлөөлөө. 2024 оны 3 сарын 29 буюу өнгөрөгч Баасан гарагт "Good Friday" баярын өдрийг тохиолдуулан АНУ-ын хөрөнгийн зах зээл амарсан.
  2. АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 2023 оны 11 сараас хойш 28% орчим, оны эхэн үеэс хойш 10.16%-ийн тус тус өсөлт үзүүлсэн байна. S&P 500 индексийн сүүлийн 20 жилийн үзүүлэлтэд тулгуурлавал, тус индекс нь жилд дунджаар 10% өсөлт үзүүлдэг. Үүнээс дүгнэхэд S&P 500 индексэд ойрын хугацаанд уналт орж ирж болзошгүй байна.
  3. Бидний хувьд Холбооны нөөцийн санг инфляцын түвшний бууралтыг харгалзан үзэж 6-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг 0.25%-иар бууруулна гэх хүлээлттэй байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Евро бүсийн инфляцын түвшний бууралт, түүнийг дагасан хүүгийн түвшин эрт буурах хүлээлт өндөр байгаагийн улмаас Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх STOXX Europe 600 индекс өнгөрөгч 7 хоногт 0.59%-ийн өсөлт үзүүллээ. Тус индекс нь 10-н 7 хоног дараалж өссөн үзүүлэлттэй байна.
  2. Их Британийн эдийн засаг шинэчилсэн мэдээллээр 2023 оны 4-р улиралд 0.3% агшсан үзүүлэлттэй гарлаа. Тус улсын эдийн засаг 2023 оны 3-р улиралд 0.1% агшсан ба ийнхүү 2 улирал дараалж агшсанаар эдийн засгийн хямралд албан ёсоор өртлөө.  Их Британи нь 2020 онд Ковидын шокийн нөлөөнөөс болж эдийн засгийн хямралд сүүлд өртөж байсан юм.
  3. Европын зах зээлд эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдсэн эдийн засгийн сөрөг нөлөөллүүд буурч байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдын Европын зах зээлд итгэх итгэл нэмэгдэж байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрөгч 7 хоногт Япон улсын иений ханшийн чангарснаас үүдэн тус улсын хувьцааны зах зээл уналттай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 1.27%, TOPIX индекс 1.59%-ийн тус тус уналттай хаагдлаа.  
  2. Япон улсын бодлого боловсруулагчид сүүлийн 34 жилийн доод түвшинд хүрч сулраад байгаа иений ханшийг ам.долларын эсрэг чангаруулахын тулд интервенц хийхэд бэлэн хэмээн Лхагва гарагт мэдэгдлээ. Мөн Япон улсын төв банк 3 сард болсон Мөнгөний бодлогын хурлаар сөрөг хүүгийн түвшнийг сүүлийн 7 жилд анх удаа эерэг болгосон нь иений ханш чангарахад нөлөөлж байна.
  3. Японы иений ханш өнгөрөгч 7 хоногт ам.долларын эсрэг чангарлаа. Тодруулбал, 1 ам.доллар 151.9 Японы иентэй тэнцэж арилжаалагдаж байсан бол7 хоногийн эцэст 151,3 иентэй тэнцэж Японы иен ам.долларын эсрэг чангарлаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-д үүсээд буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн дарамт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Уг сөрөг нөлөөллийн болзошгүй эрсдэлээс үүдэн тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.23%, CSI 300 индекс 0.21%-ийн тус тус 7 хоногт уналттай хаагдлаа. 
  2. Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн салбарт болгоомжтой хандсаар байна. Барилгын компаниудын өрийн хэмжээ өндөр байхын зэрэгцээ орон сууц худалдан авагчдын эрэлт сул байгаа нь үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт буурахад нөлөөлж  байна.
  3. БНХАУ-ын Ерөнхий сайд биологийн үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан, мэдээллийн эдийн засаг зэрэг хэд хэдэн салбарын өсөлтийг дэмжих арга хэмжээг эрчимжүүлнэ хэмээн амлалт өглөө.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ