{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.04.17 - 2022.04.21

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.04.17 - 2022.04.21


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 37,654.17 нэгжид хүрч, 5.71%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Монгол улсын экспорт 3-р сард 1.52 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь 2022 оны мөн үеийн үзүүлэлтээс 105% өссөн дүн боллоо. 1 сараас 3-р сар хүртэлх хуримтлагдсан дүнгээр тооцвол 3.76 тэрбум ам.доллар буюу 2022 оны дүнгээс 96% өссөн үзүүлэлттэй байна. Экспортыг улсаар нь ангилбал нийт 3.76 тэрбум ам.доллар үнийн дүн бүхий экспортын 3.48 тэрбум ам.доллар буюу 92.5%-ийг БНХАУ дангаараа эзэлж байна. 
  3. Төгрөг ам.долларын эсрэг 7 хоногт 0.3%-иар чангарч, 1 ам.доллар 3,486.6 төгрөгтэй тэнцлээ. Мөн БНХАУ-ын юанийн эсрэг 1.0%-иар чангарч, 1 юань 506.0 төгрөгтэй тэнцлээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Хувьцаат компаниудын 2023 оны 1-р улирлын тайлан болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээллүүдтэй холбоотойгоор АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индексүүд 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, S&P 500 индекс 0.1%, DJIA индекс 0.2%, Nasdaq Composite индекс 0.4%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
  2. Баасан гарагийн байдлаар S&P 500 индексэд багтах компаниудаас нийт 88 компани 2023 оны 1-р улирлын тайлангаа танилцууллаа. Тэдгээр 88 компанийн 76 нь 1-р улиралд шинжээчдийн хүлээлтээс дээгүүр ашигт ажиллагаатай ажилласан байна. Хувьцаануудыг салбараар нь ангилбал санхүү, аж үйлдвэр, технологийн салбарын компаниудын ашгийн үзүүлэлт шинжээчдийн хүлээлтээс доогуур үзүүлэлттэй гарсан тохиолдол өндөр байна.
  3. Эдийн засгийн мэдээллээс үзвэл Пүрэв гарагт ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо нийтлэгдсэн ба уг үзүүлэлт хүлээлтээс өндөр гарлаа. Энэ нь хөрөнгө оруулагчдад хөдөлмөрийн зах зээл суларч байгаа дохиог өгсөн юм. Тодруулбал, Пүрэв гарагт ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 245K-д хүрсэн нь шинжээчдийн хүлээлтээс давсан үзүүлэлт боллоо.  
  4. U.S. S&P Global Composite худалдан авалтын менежерүүдийн индекс 53.5-д хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх тус индекс өндөр гарсан нь зах зээлд эрэлт өндөр байгаа болон нийлүүлэлтийн сүлжээний доголдол арилж буйтай холбоотой байлаа. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Хөрөнгө оруулагчдын дундах эдийн засгийн хүлээлт өөдрөг байгаатай холбоотойгоор Европын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. FTSE 100 Index индекс 7 хоногт 0.5%-ийн өсөлттэй хаагдлаа.
  2. Евро бүсийн 4-р сарын Flash Composite PMI үзүүлэлт 53.7-оос 54.4-д хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь тус индексийн 6 дах сараа дараалан өссөн тохиолдол болж байгаа бөгөөд үйлчилгээний салбарын эрэлт өндөр байгаа нь гол нөлөөг үзүүлсэн байна.
  3. Их Британийн инфляцын түвшин 3-р сард 10.4%-иас 10.1%-д хүрч буурлаа. Инфляцын түвшин багаар буурсанд шингэн хүнс болон хоол хүнсний үнийн өсөлт гол нөлөөлсөн байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. NIKKEI 225 индекс 0.2%, TOPIX индекс 0.8% тус тус өсөлттэй хаагдлаа. 
  2. Япон улсын 3-р сарын суурь инфляцын түвшин 3.1%-тай гарлаа. Уг түвшин нь тус улсын зорилтот 2.0%-ийн түвшнээс өндөр үзүүлэлт ба Японы төв банканд бодлогын хүүгээ өсгөх дарамтыг нэмэгдүүлж байна. Төв банкны шинэ ерөнхийлөгч Kazuo Ueda 4 сарын 27-28-д Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулна. Бидний хувьд инфляцын түвшнийг харгалзан үзэж байгаа хэдий ч уг хурлаар Япон улсын төв банкийг өгөөжийн муруйн хяналт болон бодлогын хүүгийн түвшинд өөрчлөлт оруулахгүй гэх хүлээлттэй байна.
  3. Япон улсын 4-р сарын үйлчилгээний PMI 54.9, үйлдвэрлэлийн PMI 49.5 тус тус гарлаа. Үйлчилгээний PMI үзүүлэлт өндөр байгаа нь COVID-ийн хязгаарлалт цуцлагдсантай холбоотой байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индексүүд 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.1%, CSI 300 индекс 1.5%-иар тус тус буурлаа. Зах зээл уналттай байхад АНУ нь БНХАУ-ын эсрэг хөрөнгө оруулалтын хязгаарлалт тогтоож магадгүй гэх мэдээ сөргөөр нөлөөллөө.
  2. БНХАУ-ын 2023 оны 1-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүн 4.5%-ийн өсөлттэй гарлаа. Үүнд, Ардын банкны мөнгөний зөөлөн бодлого, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөнгөлөлттэй зээл болон ковидын хязгаарлалт цуцлагдаж экспорт тогтвортой өсөж буй нь гол нөлөөг үзүүлсэн байна.
  3. БНХАУ-ын Ардын банк 1 жил болон 5 жилийн хугацаатай зээлийн хүүгээ хэвээр үлдээлээ. Тус улсын бодлого боловсруулагчид SVB банкны бүтэлгүйтлийг харгалзан үзэж зээлийн жишиг хүүг тогтоохдоо цаашид нягт судалгаатай шийдвэр гаргана гэдэгт санал нэгдэж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ