{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.01.30 - 2022.02.03

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.01.30 - 2022.02.03


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 38,047.49 нэгжид хүрч, 0.5%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) дээр 1-р сард 38.48 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсанаас 11.92 тэрбум төгрөг буюу 31.0%-ийг хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа, 14.33 тэрбум төгрөг буюу 37.2%-ийг хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа, үлдсэн хувийг компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа эзэлсэн байна.
  3. Төгрөг ам.долларын эсрэг 7 хоногт 0.3%-иар суларч, 1 ам.доллар 3,496.90 төгрөгтэй тэнцсэн бөгөөд БНХАУ-ын юанийн эсрэг 0.9%-иар суларч, 1 юань 518.45 төгрөгтэй тэнцлээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 2-р сарыг өсөлтөөр үргэлжлүүлэн эхлүүллээ. Холбооны Нөөцийн Сан (ХНС) 2-р сарын 1-д болсон хурлаараа бодлогын хүүгээ өмнөх шийдвэрүүдтэй харьцуулахад бууруулсан буюу 0.25% өсгөх шийдвэр гаргасан болон зах зээлийн үнэлгээ өндөр технологийн компаниудын 2022 оны 4-р улирлын тайлан сайн гарсан нь 7 хоногт зах зээл өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Ийнхүү хувьцааны зах зээл өсөлтөө үргэлжлүүлснээр 2023 онд S&P 500 индекс 7.7%, NASDAQ Composite индекс 14.7% тус тус өссөн байна.
  2. Пүрэв гарагт Meta platforms компанийн хувьцааны ханш 23%-ийн өсөлтийг үзүүлсэн нь технологийн NASDAQ Composite индекс, зах зээлийн үнэлгээ өндөр технологийн компаниуд болон харилцаа холбооны салбарын өсөлттэй ангиллын хувьцаанууд өсөхөд эерэг нөлөө үзүүллээ. Тус компанийн хувьд 1 өдрийн дотор 23%-ийн өсөлтийг үзүүлсэн нь сүүлийн 10 жил дэх анхны тохиолдол болсон байна. Тус компанийн 2022 оны 4-р улирлын тайлан сайн гарсан боловч зарим технологийн салбарын компаниудын тайлан хүлээлтэд хүрэлгүй тааруу гарлаа. Тодруулбал, тайлан муу гарсан компаниудад Apple, Alphabet, Amazon.com орно.
  3. ХНС-ийн тэргүүн Жером Пауэлл Лхагва гарагт зах зээл дэх өргөн хүлээлтийг дагуу бодлогын хүүг 0.25%-иар өсгөж хүүгийн түвшнийг 4.50%-4.75%-д хүргэлээ. Мөн Баасан гарагт 1-р сард 517,000 ажлын байр шинээр нэмэгдсэн болон АНУ-ын ажилгүйдлийн түвшин 3.4%-д хүрч буурсныг АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас мэдээллээ.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Томоохон төв банкнууд бодлогын хүүгээ дээд хязгаартаа хүргэх нь дөхөж байгаа болон олон улсын зах зээлд эрчим хүчний төрлийн түүхий эдийн үнэ бууралттай байгаа нь Европын хувьцааны зах зээл 7 хоногт эерэг өгөөжтэй байхад гол нөлөөг үзүүллээ. Фунт стерлинг ам.долларын эсрэг 7 хоногт 2.4%-иар суларсан ба энэ нь Европын хувьцаануудад эерэг нөлөө үзүүллээ. Энэ нь Европын зах зээлийн үнэлгээ өндөр томоохон компаниуд ам.доллароор ашиг орлого олдогтой холбоотой юм.
  2. Европын төв банк бодлогын хүүгээ 0.5%-иар өсгөж хүүгийн түвшнийг 2.5%-д хүргэлээ. Европын төв банкны бодлого боловсруулагчид дараагийн бодлогын хурлаар эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг харгалзан үзэж шийдвэрээ гаргана хэмээн онцоллоо. Эдгээр үзүүлэлтэд инфляцын түвшин болон хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд орох юм.
  3. Евро бүсийн 1-р сарын инфляцын түвшин 9.2%-иас 8.5%-д хүрч буурлаа. Гэсэн хэдий ч хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин өндөр буюу 5.2%-д хэвээр хадгалагдсаар байна. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. "NIKKIE 225" индекс 0.5%-ийн өсөлттэй байсан бол "TOPIX" индекс 0.6%-ийн бууралттай байлаа. Хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад АНУ-ын төв банкны мөнгөний бодлогын чангатгах цикл дээд цэгтээ хүрч байгаа нь эерэг нөлөө үзүүллээ. 
  2. АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн шийдвэрийн дараа иений ханш ам.долларын эсрэг чангарсан бол Баасан гарагт мэдээлэгдсэн АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн мэдээний дараа эргэж суларлаа. Ам.долларыг харьцах иений ханш 129.88 байсан бол 131.19-д хүрч суларлаа.
  3. Япон улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ 12-р сарын үзүүлэлтээс 0.1%-ийн бууралттай гарлаа. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хөрөнгийн зах зээл сар шинийн баярыг тохиолдуулан 1-р сарын 30-ыг хүртэл 7 хоног ажиллаагүй билээ. Харин тус улсын хувьцааны зах зээлийн индексүүд өнгөрөгч 7 хоногийг уналттайгаар дуусгалаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.2%, CSI 300 индекс 1.4%-иар тус тус 7 хоногт буурлаа.
  2. БНХАУ-ын үйлдвэрлэлийн PMI 1-р сард 47.0-ээс 50.1-д хүрч өсөхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн бус PMI 41.6-аас 54.4-д хүрч өсжээ. Энэ нь 12-р сараас эхлэн Бээжин хот цар тахлын хязгаарлалаа сулруулсны нөлөөгөөр дотоодын үйлдвэрлэл болон үйлдвэрлэлийн бус салбар идэвхжиж байгааг харуулж байна. (PMI 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.)
  3. Олон улсын валютын сан БНХАУ-аас цар тахлын бодлогоо сулруулсантай холбоотойгоор тус улсын 2023 оны эдийн засгийн өсөлтийг таамаглалыг нэмэгдүүлж 10-р сарын 4.4%-иас 5.2%-д хүргэлээ. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ