{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.12.05 - 2022.12.09

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.12.05 - 2022.12.09


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Санхүүгийн салбарын хувьцаануудын ханш өсөлттэй байснаар Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,793.7 нэгжид хүрч 4.0%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2.  “ХААН банк” ХХК Санхүүгийн зохицуулах хорооноос анхдагч зах зээлийн арилжаа хийх зөвшөөрлөө авлаа. Ингэснээр банкны салбарын реформын хүрээнд олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани болох ажиллагаагаа хэрэгжүүлж буй банкны системд нөлөө бүхий 3 дахь банк боллоо. 
  3. Монгол төгрөг ам.долларын эсрэг 7 хоногт 0.12%-иар суларч 1 ам.доллар 3.426.5 төгрөгтэй тэнцсэн бол юанийн эсрэг 1.47%-иар суларч 1 юань 493.1 төгрөгтэй тэнцлээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэх S&P 500 индекс 7 хоногт сөрөг өгөөжтэй байлаа. S&P 500 индексийг салбараар нь ангилбал эрүүл мэнд болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбарын хувьцаанууд сайн гүйцэтгэлтэй байлаа. Харин газрын тосны үнэ 2022 оны 1-р сараас хойших хамгийн доод ханшиндаа хүрж унасантай холбоотойгоор эрчим хүчний салбарын хувьцаанууд өндөр бууралттай байлаа.
  2. Томоохон банкнуудын гүйцэтгэх удирдлагууд буюу Goldman Sachs-ийн гүйцэтгэх захирал Давид Соломон, JPMorgan Chase-ийн гүйцэтгэх захирал Жэйми Даймон нар 2023 оны зах зээлийн хэтийн төлөвийг сөрөг гэж харж буйгаа 7 хоногт мэдээллээ. Тодруулбал, тус банкнуудын гүйцэтгэх захирлууд CNBC-д орсон ярилцлагадаа эдийн засаг 2023 онд хүнд хямралд орно гэдгээ мэдэгдэж хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөллөө. 
  3. Баасан гарагт АНУ-ын 11-р сарын үйлдвэрлэгчийн үнийн инфляц (PPI) зарлагдлаа. Үйлдвэрлэгчийн үнийн инфляц 7.4%-д хүрсэн нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болж хувьцааны зах зээлд сөргөөр нөлөөллөө.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эдийн засгийн хямралын айдас давамгайлснаар Европын хувьцааны зах зээлийг илэрхийлэх индексүүд 7 хоногт бууралттай байлаа. 
  2. Евро бүсийн 2022 оны 3-р улирлын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ) шинэчилсэн мэдээллээр 0.3%-ийн өсөлттэй гарлаа. Гэсэн хэдий ч 11-р сарын үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын идэвхжилийг илэрхийлэх PMI-ууд Евро бүсийг хямралд өртөж байгааг батлаад байна. S&P Global худалдан авалтын менежерүүдийн индекс 11-р сарын байдлаар 47.8-д хүрсэн байна. (S&P Global худалдан авалтын менежерүүдийн индекс нь үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбар дахь бизнесийн идэвхжилийг хэмждэг)
  3. Их Британийн орон сууцны үнэ 11-р сард бууралттай байснаар орон сууцны үнэ 3 сар дараалан буурлаа. Ийнхүү орон сууцны үнэ хурдацтай буурч байгаа нь 2008 оны санхүүгийн хямралаас хойших анхны тохиолдол болоод байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын эдийн засаг 3-р улиралд хүлээлтээс бага бууралттай байснаар тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, "NIKKIE 225" индекс 0.4%, "TOPIX" индекс 0.4%-иар тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа. Иений ханш ам.долларын эсрэг суларч 1 ам.доллар 136.6 иентэй тэнцлээ. Иений ханшийн сулралд 2 улс хоорондын мөнгөний бодлогын зөрүүтэй байдал гол нөлөөг үзүүлж байна. 
  2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Япон улсын эдийн засаг 3-р улиралд 0.8%-иар (жилд шилжүүлсэн) агшсаныг мэдээллээ. Уг үзүүлэлт нь 1.2%-иар агшилттай байна гэх шинжээчдийн таамгаас бага үзүүлэлт болж хувьцааны зах зээлд эергээр нөлөөллөө. Иений ханшийн сулрал нь экспортын дүнг нэмэхэд гол нөлөөг үзүүллээ.
  3. Япон улсын 10-р сарын өрхийн хэрэглээний зардал жилийн өмнөх мөн үеэс 1.2%-ийн өсөлттэй гарлаа. Энэ нь коронавирусын хязгаарлалтыг цуцалсны дараа аяллын зардал нэмэгдсэнтэй холбоотой байна. Нөгөөтээгүүр бодит цалин буурсан нь өрхийн хэрэглээний зарлагыг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлсэн байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ дах цар тахлын халдварын тоо нэмэгдсээр байгаа хэдий ч засгийн газраас хязгаарлалтуудыг сулруулах бодлогын арга хэмжээ авч байгаа нь БНХАУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. "Shanghai Composite" индекс 1.6%, "CSI 300" индекс 3.3%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. БНХАУ-ын албаны хүмүүс цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнийг хянах шинэ 10 заалт бүхий удирдамжаа танилцууллаа. Шинэ арга хэмжээнд хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй хүмүүсийг гэрийн хорионы дэглэмд шилжүүлэх, өндөр настнуудад зориулсан вакцинжуулалтын хөтөлбөр болон зарим хотуудад олон нийтийн шинжилгээ хийх шаардлагыг багасгах зэрэг багтаж байна.
  3. 11-р сарын БНХАУ-ын экспортын дүн жилийн өмнөх мөн үеэс 8.7%-ийн бууралттай гарлаа. Энэ нь 2022 оны 2-р сарын цар тахлын эхлэл үеэс хойших хамгийн өндөр сарын бууралттай үзүүлэлт боллоо. БНХАУ-ын экспортын дүн бууралттай байгаа нь албаны хүмүүсийг цар тахлын хязгаарлалтаа сулруулахад нөлөөлсөн төлөвтэй байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ