{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.05 - 2022.09.09

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.05 - 2022.09.09


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) Топ 20 индекс 34,486.14 нэгжид хүрч, 1.48%-иар буурсан. МХБ дээр 7 хоногт нийт 1.63 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийгдсэн.
  2. Монгол Улсын гадаад валютын албан нөөц 7-р сард 2.87 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 37.1 хувийн бууралттай үзүүлэлт болоод байна. 2021 оны 4-р сард Монгол улсын ГВАН 4.9 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд түвшинд хүрсэн.
  3. 7 хоногт төгрөг ам.долларын эсрэг 0.43%-иар суларч, 1 ам.доллар 3,220.86 төгрөгтэй тэнцсэн. БНХАУ-ын юанийн эсрэг 0.15%-иар суларч, 1 юань 465.39 төгрөгтэй тэнцээд байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцаанууд 3-н 7 хоног дараалж буураад байсан бол өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Хөрөнгө оруулагчид АНУ-ын хувьцааг авч эхэлсэн нь инфляц буурах шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэнтэй холбоотой байв. Газрын тосны үнэ ОХУ, Украин хоорондын мөргөлдөөн эхэлснээс хойших хамгийн доод үнэдээ очсон. Үүний нөлөөгөөр "S&P 500" индексэд эрчим хүчний салбарын хувьцаанууд муу гүйцэтгэлтэй байлаа.
  2. Лхагва гарагт, Холбооны Нөөцийн Сан (ХНС) "Beige Book" эдийн засгийн хураангуй тайланг танилцуулсны дараа хувьцаанууд өссөн. Тайланд шатахууны үнэ буурч, эрэлт буурч байгаа нь ачаа тээвэрлэлтийн үнэ болон бусад зардлуудыг бууруулж байгааг онцолсон. Энэ нь инфляцын түвшин хүлээлтээс хурдан буурах төлөвтэй байгааг илэрхийлж хувьцааны зах зээлд эерэг нөлөө үзүүллээ.
  3. "ISM" үйлдвэрлэлийн бус "PMI" 8-р сард хүлээлтээс давж 56.9 нэгжид хүрсэн нь 4-р сараас хойших хамгийн хурдацтай тэлэлт болсон. Харин "S&P" үйлчилгээний "PMI" 43.7-т хүрсэн нь 2020 оны эхэн үеэс хойших хамгийн том бууралт болж, зөрүүтэй байдал үүсгээд байна. (Индекс 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлнэ.) "ISM" нь барилга болон үйлдвэрлэлийн бус салбаруудыг давхар илэрхийлж буй өргөн хүрээтэй юм. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын зарим улс орнууд эрчим хүчний сөрөг нөлөөг арилгах төлөвлөгөө танилцуулж, эдийн засгаа идэвхжүүлэх талаар мэдэгдсэн нь 7 хоногт Европын хувьцаанууд өсөлттэй байхад нөлөөллөө. "STOXX Europe 600" индекс 1.06%, "Germany’s DAX" индекс 0.29%, "France’s CAC 40" индекс 0.73%, "Italy’s FTSE MIB" индекс 0.79%, "UK’s FTSE 100" индекс 0.96% тус тус өссөн.
  2. Европын төв банк өндөр инфляцыг хяналтдаа авахаар бодлогын хүүгээ 0.75%-иар 7 хоногт өсгөсөн. Европын төв банкны бодлого боловсруулагчид инфляцыг дунд хугацаандаа зорилтот 2%-д хүргэх зорилгоор бодлогын хүүг 0.75%-иар нэмсэн хэмээн албан ёсны мэдэгдэл хийсэн. Мөн дараагийн бодлогын хурлаар бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх боломжтой болохыг мэдэгдсэн.
  3. Их Британийн ерөнхий сайд айл өрх, бизнесийн байгууллагуудын эрчим хүчний зардлыг бууруулахад засгийн газраас тусламж үзүүлэх болохыг мэдэгдсэн. "Financial Times"-д мэдээлснээр уг тусламж 150 тэрбум фунт стерлинг орчим байх хүлээлттэй байна. Энэ нь "COVID-19" тахлын үеийн тусламжийн хэмжээнээс илүү их юм. Мөн Герман улс 65 тэрбум евро айл өрх, бизнесийн байгууллагуудын эрчим хүчний зардлыг бууруулахад зарцуулахаа мэдэгдсэн.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. "Nikkei 225" индекс 2.04%, "TOPIX' индекс 1.83% тус тус өсөлттэй хаагдсан. 
  2. Япон улсын засгийн газар 10-р сараас хэрэгжиж эхлэх, инфляцын өсөлтийг даван туулах төслийг танилцууллаа. Үүнд бага орлоготой өрхүүдэд бэлэн мөнгө олгох, зарим бараа бүтээгдэхүүн болон түүхий эдийг тогтсон үнээр авах шийдвэрүүд багтсан байна. 
  3. Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2-р улиралд 2.2%-иар (жилээр) тэлнэ гэх хүлээлттэй байсан боловч 3.5%-д хүрч хүлээлтээс давлаа. Үүнд цар тахлын хязгаарлалтыг цуцалснаар бизнесүүд идэвхжиж, хувь хүний хэрэглээ ихэссэн нь нөлөөлсөн. Ийнхүү эдийн засаг өссөн нь цар тахлын өмнөх үеийн эдийн засгийн хэмжээндээ эргэн очоод буй үзүүлэлт болоод байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хувьцаанууд инфляц буурах төлөв болон засгийн газраас эдийн засгийн дэмжих арга хэмжээ авч байгаатай холбоотойгоор 7 хоногт өсөлттэй байлаа. "Shanghai Composite" индекс 2.4% "CSI 300" индекс 1.7%-иар тус тус өсөлттэй хаагдсан.
  2. БНХАУ-ын 8-р сарын инфляц хүлээлтээс доогуур байж, инфляцын түвшин 2.5%-тай гарлаа. Гэсэн хэдий ч цар тахлын хязгаарлалт болон хэт халалтын улмаас БНХАУ-ын үйлдвэрлэл тасалдаж гадаад худалдааны эрэлт буурсан нь 7-р сарын худалдааны тэнцлийн мэдээллээс харагдаж байна. Тодруулбал, БНХАУ-ын худалдааны тэнцэл 8-р сард 79.39 тэрбум ам.доллар болж хүлээлтээс (хүлээлт 92.70 тэрбум ам.доллар) доогуур гарлаа.
  3. Баасан гарагт юань 4 дэх 7 хоногоо дараалан ам.долларын эсрэг суларлаа. БНХАУ-ын дотоодын арилжааны банкнууд гадаад валютын заавал байлгах нөөцөө бууруулж, ханшийн тогтвортой байдлыг хангахаар оролдож байна. Санхүүгийн байгууллагуудын хувьд 9 сарын 15-ны өдрөөс хойш гадаад валютын хадгаламжийн 8%-ийн заавал байлгах нөөцийг 6% болж бууруулах боломжтой байна. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ