{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.07.18 - 2022.07.22

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.07.18 - 2022.07.22


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Эдийн засгийн таагүй мэдээллүүд болон өндөр инфляцын түвшний дарамттай холбоотойгоор хөрөнгө оруулагчид МХБ-ийн хувьцаат компаниудын 2022 оны хагас жилийн ашигт ажиллагаанд доогуур хүлээлттэй байсан боловч компаниудын ашигт ажиллагаа болон хэтийн төлөв 2022 оны хагас жилийн тайлангаар харьцангуй тогтвортой гарсан нь Монгол улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. ТОП-20 индекс 33,736.22 нэгжид хүрч, 0.94%-ийн өсөлтийг үзүүлсэн.
  2. Монголбанк 2022 онд Монгол улсын эдийн засгийг 2.4%-ийн өсөлтийг үзүүлнэ гэх төсөөлөлтэй байна. Тодруулбал, Монголбанк гадаад эрэлтийн төлөв, хилийн хязгаарлалтаас шалтгаалан уул уурхайн салбарын өсөлт 2022 онд удаашрахаар байгааг онцолж, 2022 оны Монгол улсын эдийн засгийг 2.4%-ийн өсөлтийг үзүүлнэ гэх хүлээлттэй байна.
  3. Өнгөрөгч 7 хоногт төгрөг ам.долларын эсрэг 0.32%-аар суларч 3,157.63-т хүрсэн.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт инфляцын дарамт багасах шинж тэмдгүүдтэй холбоотойгоор өсөлттэй байлаа. Технологийн "Nasdaq Composite" индекс болон "S&P 500" индексүүд нь өндөр өсөлтийн гүйцэтгэлийг үзүүлсэн. "Amazon.com" болон "Tesla, Inc."-ийн хувьцаанууд өсөлттэй байсан нь алдартай компаниудын хувьцаанууд нийтдээ өсөлтийг үзүүлэхэд гол нөлөөлсөн.
  2. Эрүүл мэнд болон нийтийн үйлчилгээний салбарын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өөрчлөлт багатай байсан бол харилцаа холбоо үйлчилгээний салбарын хувьцаанууд бууралттай байсан. Үүнд "Google"-ийн бүтцийн өөрчлөлтөөр үүсгэн байгуулагдсан конгломерат компани болох "Alphabet"-ийн хувьцааны ханшийн бууралт гол нөлөөг үзүүлсэн.
  3. Компаниудын 2-р улирлын орлогын тайлангийн үзүүлэлтүүд нь эдийн засгийн өсөлт удааширч байгааг илтгэж байгаа боловч ашигт ажиллагаа болон хэтийн төлөв хүлээлтээс илүү тогтвортой байгааг мөн давхар илэрхийлж байна. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Эдийн засгийн таагүй мэдээллүүд болон Европын төв банкнаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргаад байгаа нь Европын хөрөнгийн зах зээлд сөрөг нөлөөг үзүүлээд байгаа хэдий ч хөрөнгө оруулагчдын шийлвэр гаргалт өнгөрөгч 7 хоногт өөдрөг байсан нь Европын хувьцааны зах зээлийг өнгөрөгч 7 хоногт эерэг өгөөжтэй хаалаа. "STOXX Europe 600" индекс 2.88%, "Germany’s Xetra DAX" индекс 3.02%, "France’s CAC 40" индекс 3.00%, "Italy’s FTSE MIB" индекс 1.33%, "UK’s FTSE 100" индекс 1.64%-ийн тус тусын өсөлтийг үзүүлсэн.
  2. Европын төв банк өндөр инфляцыг бууруулахаар мөнгөний хумих бодлого баримталж, бодлогын хүүг 50 суурь нэгжээр нэмэгдүүлсэн. Бодлогын хүүг нэмэгдүүлэхэд ИБНВУ-ын 6-р сарын инфляцын түвшин 40 жилийн дээд түвшин болох 9.4%-д хүрсэн нь гол нөлөөг үзүүлсэн.  
  3. 6-р сарын үйлдвэрлэлийн салбарын "PMI" индекс болон үйлчилгээний салбарын "PMI" индекс 6-р сард хоёул бууралттай гарсан нь Евро бүсийн эдийн засгийн өсөлт удааширч байгааг баталж байна. Тодруулбал, 6-р сарын үйлдвэрлэлийн салбарын "PMI" индекс 49.6-д хүрч буурсан бол үйлчилгээний салбарын "PMI" индекс 50.6-д хүрч буурсан.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, "Nikkei 225" индекс 4.20%, "TOPIX" индекс 3.35%-ийн тус тусын өсөлтийг үзүүлсэн.
  2. Япон улсын төв банк 7-р сарын мөнгөний бодлогын хурлаар хүлээлтийн дагуу мөнгөний тэлэх бодлого баримталах шийдвэрээ хэвээр хадгалсан. Инфляцыг зорилтот 2%-ийн түвшинд хадгалахын тулд богино хугацааны бодлогын хүүг -0.1%, урт хугацааны бодллогын хүүг 0.00%-д хадгалах шийдвэр гаргаад байна.  
  3. Япон улс дах "COVID-19" цар тахлын өдрийн тохиолдолын тоо өндөр байна. Тус улсын засгийн газар цар тахлын тархалтын тохиолдолыг анхааралдаа авч байгаагаа мэдэгдээд байгаа боловч хөл хорио тогтоох төлөвлөөгүй байгаа байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. "Shanghai Composite" индекс 1.3%-ийн өсөлттэй хаагдсан бол "CSI 300" индекс 0.2%-ийн бууралттай хаагдсан. 
  2. 2022 оны 4-р сард болсон БНХАУ-ын улс төрийн товчооны хурлаар БНХАУ-ын 2022 оны эдийн засгийн өсөлтийг 5.5%-д хүргэх зорилт дэвшүүлээд байсан хэдий ч олон эдийн засагчид уг зорилтдоо хүрэх нь магадлал бага хэмээн онцлоод байна.
  3. БНХАУ-ын Ардын банк хүлээлтийн дагуу нэг жилийн зээлийн үндсэн хүүг (LPR) 3.70%, таван жилийн хүүг 4.45% хэвээр хадгаллаа. (Зээлийн үндсэн хүүг (LPR) тус улсын 18 банкны санал болгож буй хүүг харгалзан үзэж, сар бүрийн 20-ны өдөр тогтоодог бөгөөд энэ нь Төв банкны зээлийн жишиг хүү болдог.)

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ