{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 8008 8704, 8000 3146
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.07.11 - 2022.07.15

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.07.11 - 2022.07.15


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. 2022 оны 7-р сарын 4-ний өдрөөс 8-ны өдрүүдэд Монгол улсын хувьцааны зах зээл өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) дээр нийт 1.3 тэрбум төгрөгийн хувьцааны энгийн арилжаа хийгдэж, Топ 20 индекс 33,175.48 нэгжид хүрч 0.75%-аар өссөн. /Жич: Өнгөрөгч 7 хоног нь бүх нийтийн амралтын өдөр байсан тул 7-р сарын 4-ний өдрөөс 8-ны өдрүүдийн тоон мэдээг ашиглав./
  2. “Эрдэнэс сольюшинс” ХК нь олон нийтэд нэмж санал болгон гаргаж буй 1,789,826,652 төгрөгийн үнийн дүн бүхий 16,572,469 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга олон нийтэд тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 108 төгрөгөөр санал болгогдсон байсан нь 7-р сарын 5-ны өдрөөр хаагдаж, тус компани анхдагч зах зээлээс хөрөнгө оруулалтаа амжилттай татан төвлөрүүллээ.
  3. "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д бүртгэлтэй хувьцаат компаниудын үнэт цаасны ангилал шинэчлэн тогтоогдлоо. Шинэчлэлд "Эрдэнэс сольюшинс" ХК, "Эрчим Баян-Өлгий" ХК, "Дорнод худалдаа" ХК болон "Крипто үндэстэн" ХК-ууд III ангиллаас II ангилал -руу дэвшсэн бол "Баянгол зочид буудал" ХК, "Хөвсгөл алтан дуулга" ХК бүртгэлийн I ангиллаас II ангилал -руу орсон байна. Мөн "Дархан хүнс" ХК, "Тээвэр-Дархан" ХК болон "Монгол шевро" ХК-ууд II ангиллаас III ангилал -руу орсон.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт инфляцын түвшний хүлээлт болон томоохон компаниудын 2 улирлын борлуулалтын орлогын хүлээлттэй холбоотой савлагаа ихтэй байлаа. Технологийн салбарын хувьцаанууд өсөлттэй байсан бөгөөд үүнд "Apple" компанийн хувьцааны өсөлт голлох нөлөөг үзүүлсэн. Газрын тосны үнэ ОХУ болон Украин улс хоорондын дайны өмнөх үеэс илүү унасантай холбоотой энергийн салбарын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт бууралттай байсан.
  2. Лхагва гарагт олон нийтэд ил болсон инфляцын түвшний мэдээлэл нь хүлээлтээс давсан үзүүлэлт байлаа. Тодруулбал, АНУ-ын 6-р сарын инфляцын түвшин 9.1%-тай гарч, 1981 оноос хойших дээд түвшингээ шинэчилсэн юм.
  3. Инфляцын хүлээлтийн талаарх зах зээлийн тодорхойгүй байдал нь оны эхэн үеэс хойш үргэлжлээд байсан бол 7-р сарын эхээр хийсэн судалгаагаар ("University of Michigan"-ийн судалгаа) 5 жилийн хугацаатай АНУ-ын иргэдийн инфляцын хүлээлт 2.8%-т хүрч сүүлийн 1 жилийн доод түвшиндээ хүрсэн байна. Үүнтэй холбоотой Холбооны Нөөцийн Банкнаас (ХНС) дараагийн бодлогын хурлаар бодлогын хүүг хэт өндрөөр өсгөхгүй байх хүлээлт зах зээлд үүсээд байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Төв банкнуудын бодлогын хүүгийн өсөлт болон дэлхийн эдийн засгийн хямралын хүлээлттэй холбоотой Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, "STOXX Europe 600" 0.80%, Germany’s DAX Index 1.16%, "Italy’s FTSE MIB" 3.86%, "UK’s FTSE 100 Index" 0.52% тус тус буурсан.
  2. ОХУ болон Украин улс хоорондын дайны сөрөг нөлөө үргэлжилсээр байгаатай холбоотой Европын Комисс Европын эдийн засгийн өсөлтийн таамаглалаа бууруулж, инфляцын хүлээлтийн таамаглалаа нэмэгдүүллээ. 2022 оны Дотоодын Нийт Бүтээгдэхүүний (ДНБ) өсөлтийн хүлээлт 2.7%-д хэвээр байгаа хэдий ч 2023 оны хүлээлтийг 2.3%-аас 1.5% болгож бууруулсан. 2022 оны инфляцын түвшний хүлээлтийг 6.8%-аас 8.3% болгон өсгөөд байна.
  3. ХБНГУ-ын засгийн газар ОХУ-аас хангалттай хэмжээнд газрын тос импортоор авч чадахгүй байх айдастай байна. ОХУ-аас ХБНГУ-руу нийлүүлдэг "Nord Stream 1" хоолой нь засвар үйлчилгээтэй холбоотой ажиллахгүй байгаа бөгөөд ХБНГУ-ын засгийн газар ОХУ-ыг уг хоолойг Европын ОХУ-д авч буй хориг арга хэмжээтэй холбоотой бүрэн хэмжээгээр дахин нээхгүй байх гэсэн хүлээлттэй байна. ОХУ уг хоолой нь дайнаас хойш нийт хүчин чадлынхаа 40%-тай тэнцэхүйц хэмжээнд ажиллаж байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. "Nikkei 225 Index" 1.02%, "TOPIX Index" 0.27%-ийн тус тусын өсөлтийг үзүүлсэн. Японы Төв банкны ерөнхийлөгч мөнгөний тэлэх бодлого баримтлах өөрийн шийдвэрийг дахин илэрхийлж, шаардлагатай бол мөнгөний тэлэх бодлогын нэмэлт алхмуудыг хийхээс буцахгүй болохыг мэдэгдсэн.
  2. АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны (ХНБ) мөнгө хумих бодлого баримталж буй нь Япон улстай бодлогын зөрүүтэй байдлыг үүсгэж энэ нь Японы иенийг ам.долларын эсрэг ханшийн сулрал ороход шууд нөлөөлөөд байна. Өнгөрөгч 7 хоногт иен ам.долларын эсрэг суларч 138.8 (Түүний өмнөх 7 хоногт 136.1 байсан) болсон. Энэ үзүүлэлт нь сүүлийн 24 жилийн хамгийн дээд ханшийн сулрал болоод байна.
  3. Цахилгаан эрчим хүчний (electricity) хангамж хумигдах төлөвтэй байгаатай холбоотой Япон улсын засгийн газар эрчим хүчний хомсдолын талаарх түгшүүрийг арилгахын тулд 9 цөмийн реакторыг дахин ажиллуулж болзошгүй байна. Япон улсад урьд өмнө тохиолдож байгаагүй хэт халалт нь эрчим хүчний хомсдолд орж болзошгүйг засгийн газарт сэрэмжлүүлэхэд хүргээд байгаа бөгөөд энэ нь эрчим хүчний хэрэгцээ, тэр дундаа агааржуулагчийн хэрэгцээг нэмэгдүүлээд байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хувьцааны зах зээл 2-р улирлын тус улсын эдийн засгийн өсөлтийн удаашрал, үл хөдлөх болон банкны салбарын сөрөг нөлөөлөлтэй (Ипотекийн зээлийн төлөлт багасаж буй нь тус салбаруудад сөргөөр нөлөөлсөн) холбоотой өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. "Shanghai Composite Index" 3.8%, "CSI 300 Index" 4.1% тус тус буурсан.
  2. БНХАУ-ын 2-р улирлын ДНБ өсөлт 0.4% байсан нь хүлээлтээс доогуур үзүүлэлт боллоо. Үүний зэрэгцээ Лхагва гарагаас эхлэн БНХАУ-ын 50 гаруй хотод 100-аас доошгүй барилгын төслийн ипотекийн зээлийн төлөлтийг орон сууц худалдан авагчид төлөхөө ихээр зогсоож байгаа болохыг "Bloomberg" мэдээлсэн.
  3. 6-р сарын экспорт өмнө оны мөн үеийнхээс 17.9%-аар өссөн нь энэ оны хамгийн хурдацтай өсөлт боллоо. Экспортын өсөлтөд Зүүн өмнөд Ази, АНУ болон Европт бараа материалын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байлаа.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ