{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2025.04.28 - 05.02 | ЯПОН УЛСЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ХЭВЭЭР ХАДГАЛЛАА

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2025.04.28 - 05.02 | ЯПОН УЛСЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ХЭВЭЭР ХАДГАЛЛАА


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 49,686.43 нэгжид хүрч 1.56 хувийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Монгол улсын гадаад валютын улсын нөөц 2025 оны 4-р сарын байдлаар 5.14 тэрбум ам.доллар гарлаа. Энэ нь сарын өмнөх үеэс 2.79 хувь, жилийн өмнөх үеэс 3.01 хувь тус тус өссөн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч ам.долларын ханш 2025 оны төгрөгийн эсрэг 4.42 хувь чангарч ам.доллар / төгрөгийн ханш 3,571.74 төгрөгт хүрээд байгаа юм. 
  3. Өнгөрөгч долоо хоногт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 3 - 4 хувийг аялал жуулчлалын салбар одоогоор бүрдүүлж байгаа бол 2030 он гэхэд жилд 2 сая жуулчин хүлээн авч аялал жуулчлалын салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийн бүрдүүлэх боломжтой болохыг онцоллоо. Монгол улс 2024 оны байдлаар 808,000 гаднын жуулчин хүлээн аваад байгаа юм. 

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. S&P 500 индекс өнгөрөгч долоо хоногт өсөлттэй хаагдсан нь 2025 оны 1-р сараас хойш анх удаа дараалан 2 долоо хоног дараалан өссөн үзүүлэлт болж байна. Технологийн компаниудын жин их дарсан Nasdaq Composite индекс 3.42 хувиар өссөн нь технологийн компаниудын ашгийн тайлан таамаглалаас давсан үзүүлэлттэй гарсантай холбоотой байлаа. Ерөнхийлөгч Дональд Трамп автомашин болон сэлбэг хэрэгслийн зарим татварыг цуцалсан нь худалдааны маргаан зөөлрөх тухай өөдрөг хүлээлтийг дэмжиж зах зээлд эергээр нөлөөлсөн. 
  2. 2025 оны 3-р сарын байдлаар АНУ-д нээлттэй ажлын байрны тоо 7.2 сая болж, өмнөх сарын 7.5 саяас буурсан бөгөөд энэ нь 9-р сараас хойших хамгийн бага үзүүлэлт боллоо. Энэ нь ажиллах хүчний эрэлт буурч байгааг илтгэж байна. 
  3. Ажил олгогчид 2025 оны 4-р сард эдийн засагтаа 177,000 ажлын байр шинээр нэмжээ. Энэ нь өмнөх сараас бага боловч хүлээлт буюу 138,000-аас  давсан тоо байв. Ажилгүйдлийн түвшин 4.2 хувь буюу хэвээр байсан бол цалингийн өсөлт сарын өмнөх үеэсээ 0.2 хувиар өссөн байна. АНУ-ын эдийн засаг 2025 оны эхний улиралд 0.3 хувь агшсан үзүүлэлттэй гарсан нь 2022 оноос хойших анхны тохиолдол боллоо. Агшилтын шалтгаан нь импортын огцом өсөлт, хэрэглээний зардлын удаашрал болон Засгийн газрын зардлын бууралттай холбоотой байна. Импортын эрчимтэй өсөлт нь компаниуд Трампын захиргааны тариф хэрэгжиж эхлэхээс өмнө эрчимтэй худалдан авалт хийснийг илтгэж байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Худалдааны тарифын болгоомжлол намдсантай холбоотойгоор Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох индексүүд өндөр өсөлт үзүүллээ. Евро бүсийн 2025 оны 4-р сарын инфляцын түвшин 2.2 хувь хэвээр хадгалагдлаа. Суурь инфляцын түвшин 2.4 хувиас өсөж 2.7 хувьд хүрсэн байна. 
  2. Худалдаа тарифын маргаан эхэлснээс хойш бизнес болон хэрэглэгчдийн итгэл буурсан байдалтай байна. Европын Комиссын эдийн засгийн итгэлийн индекс 4-р сард 93.6 болж буурсан нь 2024 оны 12-р сараас хойших хамгийн доод түвшин юм. 
  3. Их Британийн орон сууцны зах зээл сулрах хандлагатай байна. Nationwide Building Society-ийн орон сууцны үнийн индекс 4-р сард 0.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 3.15 хувь, TOPIX индекс 2.27 хувийн өсөлттэй хаагдлаа. Япон улсын төв банк бодлогын хүүгээ 0.50 хувьд хэвээр үлдээсэн бөгөөд 2025, 2026 оны эдийн засгийн өсөлт болон үндсэн инфляцын таамаглалыгаа буурууллаа.Тус шийдвэрийн дараа хөрөнгө оруулагчид дараагийн хүүгийн өсөлт хойшлох магадлалтай гэж үзсэн нь зах зээлийн өсөлтөд нөлөөллөө.
  2. Япон улсын төв банк инфляцыг зорилтот түвшинд хүргэх хугацааг нэг жилээр хойшлуулж, 2027 оны хоёрдугаар хагасаар тогтоолоо. Эдийн засгийн өсөлтийн таамгаа 0.5 хувь болгож буурууллаа. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайны улмаас дэлхийн эдийн засагт үүсэж буй тодорхой бус байдлуудтай холбоотой байна.
  3. Трампын тарифын бодлогын тодорхойгүй байдал, АНУ болон Европын эдийн засагт үүсэх эрсдэлүүдийн улмаас Япон улс бодлогын шийдвэртээ болгоомжтой хандсаар байна. Тарифуудын нөлөө Японы үйлдвэрлэлийн салбарт гүн гүнзгий нөлөө үзүүлж болзошгүй бөгөөд зарим шинжээчдийн үзэж байгаагаар бодлогын хүүг 7-р сард нэмэгдүүлэх магадлал өндөр хэвээр байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын зах зээл 5-р сарын 1-ээс 5-р сарын 5-ыг хүртэл Хөдөлмөрийн баярыг тохиолдуулан хаалттай байх юм. Өнгөрөгч 7 хоногт тус улсын хувьцааны зах зээлийн голлох 2 индекс болох Shanghai Composite индекс 0.49 хувь, CSI 300 индекс 0.43 хувийн тус тус бууралттай хаагдлаа.
  2. Баасан гарагт БНХАУ нь АНУ-тай худалдааны хэлэлцээ эхлүүлэх боломжийг судалж байгаа талаар мэдэгдсэн нь АНУ-аас үүдэлтэй худалдааны дайн зөөлрөх магадлал бий болсныг илэрхийллээ. “АНУ сүүлийн үед холбогдох сувгуудаар дамжуулан БНХАУ-тай хэлэлцээ эхлүүлэх хүсэлт илгээсэн” гэж БНХАУ-ын  Худалдааны яам мэдээлсэн. БНХАУ нь АНУ-аас импортолдог 40 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүний заримд нь гаалийн татвараас чөлөөлөлт үзүүлж эхэлсэн гэж албан бус мэдээллээс мэдээлээд байгаа юм.
  3. АНУ нь БНХАУ-ын худалдааны тарифын 145 хувь хүртэл нэмэгдүүлсний дараахан БНХАУ-ын эдийн засгийн байдал ямар байгааг харуулсан анхны албан ёсны үзүүлэлтүүд гарлаа.  Үйлдвэрлэлийн PMI 3-р сард 50.5 байсан бол 4-р сард 49 болж унасан нь  2023 оны 12-р сараас хойших хамгийн сул үзүүлэлт боллоо. Үйлчилгээний салбарын PMI ч мөн адил 50.8-аас 50.4 болж буурсан нь хүлээлтээс доогуур үзүүлэлт боллоо. БНХАУ энэ жил эдийн засгийн өсөлтийн зорилтоо 5 хувь гэж зарласан боловч олон шинжээчид үүнийг биелүүлэхэд бэрх гэж үзэж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2025 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ