{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХӨНГӨН ЦАГААН, ГАНГИЙН ИМПОРТОД ГААЛИЙН ТАРИФ ТОГТООХ ШИЙДВЭРТ ДОНАЛЬД ТРАМП ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Олон улсын зах зээл

ХӨНГӨН ЦАГААН, ГАНГИЙН ИМПОРТОД ГААЛИЙН ТАРИФ ТОГТООХ ШИЙДВЭРТ ДОНАЛЬД ТРАМП ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган болон хөнгөн цагааны импортод гаалийн тариф тогтоох шийдвэрт гарын үсэг зурлаа. Ийнхүү тэрбээр кампанит ажлынхаа үеэр өгсөн амлалтаа биелүүлснээр АНУ гуравдугаар сарын эхээр зарлаж байсанчлан гангийн импортод 25 хувь, хөнгөн цагааны импортод 10 хувийн гаалийн татвар ногдуулахаар боллоо. Энэхүү шийдвэр 15 хоногт багтан хэрэгжинэ гэж Цагаан ордон мэдэгджээ. Гаалийн тариф тогтоох шийдвэрт Мексик болон Канад улсыг багтаагаагүй байна. Учир нь Дональд Трамп Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг эргэн харахыг зорьж байгаа гэж ажиглагчид тайлбарлаж байна. "Миний бие АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд ган, хөнгөн цагааны импортод татвар ногдуулахаар шийдвэрлэлээ" гэж Дональд Трамп салбарын төлөөлөлтэй уулзахдаа мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Шударга бус худалдаа зөвхөн эдийн засгийн аюул биш. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Бид өөрийн улсад үйлдвэрлэсэн ган, хөнгөн цагаанаар нисэх болон хөлөг онгоц, батлан хамгаалахын зэвсэг техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэхийг зорьж байна. Эцэст нь бид урт хугацааны турш асуудал үүсгэж байсан худалдааны нөхцөлийг зөв замд нь чиглүүлэх арга хэмжээг авч байна. Бусад улсуудын худалдааны түрэмгий бодлого АНУ-ын ган болон хөнгөн цагааны үйлдвэрлэлд асар их хохирол учруулсаар ирсэн. Энэ зовлонг АНУ-ын үйлдвэрлэгчид хэн бүхнээс илүүтэй мэдэрсэн. Тиймээс бид шударга худалдаа хийхийг хүсэж байна" гэж мэдэгдсэн байна. Дээрх шийдвэрийг батлахаас өмнө Дональд Трампын засаг захиргаа АНУ-тай хийж буй худалдааны алдагдлыг бууруулахыг БНХАУ-ын талаас хүссэн гэсэн мэдээлэл гарсан байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И "Худалдааны дайн асуудлын зөв шийдэл биш" гэж байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Даяаршсан дэлхий ертөнцөд худалдааны дайн эхлүүлэх нь аль аль талдаа эрсдэл учруулах, ашиггүй үйлдэл" гэж үзэж байгаа аж. Түүнчлэн БНХАУ ашиг сонирхлоо хамгаалахын тулд "Хүчтэй хариу арга хэмжээ авна” гэдгийг анхааруулжээ. Ван И "БНХАУ зүй ёсны, шаардлагатай хариу арга хэмжээ авна. Дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт бичигддэг улсын хувьд БНХАУ болон АНУ-ын ашиг сонирхол харилцан хамаарал ихтэй. Тийм учраас бидний хувьд зөвхөн өөрийн улсын гэлтгүй, дэлхий дахины сайн сайхныг хангахыг зорих ёстой. Манай хоёр улс хэлэлцээний ширээний ард сууж, үр дүнтэй хэлэлцээ хийж, аль аль талдаа харилцан ашигтай шийдэлд хүрнэ гэдэгт бид найдаж байна" гэж мэдэгдлээ.

Ийнхүү дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр улсын харилцаа худалдааны салбараар хязгаарлагдалгүй улам хурцдаж байгааг олон улсын ажиглагчид онцолж байна. Ши Жиньпин тэргүүтэй БНХАУ-ын Коммунист нам улам хүчирхэгжиж, дотооддоо болон олон улсад нөлөөгөө нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Харин нөгөө талаас АНУ-ын ашиг сонирхлыг тэргүүнд тавих үүднээс БНХАУ-д өргөн хүрээний хориг арга хэмжээ авахыг Дональд Трампаас шаардаж байна. "Ийнхүү зарим металлуудад гаалийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн нь богино хугацааны нөлөө үзүүлэхээс илүүтэй өргөн цар хүрээг хамарна" гэж Хонгконгийн их сургуулийн зарим судлаачид үзжээ.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ