Израилын агаарын довтолгоо дэлхийн эдийн засгийг донсолгож, алт, газрын тосны үнэ огцом өсөв
Израилын зэвсэгт хүчин Иран улсын цөмийн зэвсэг хөгжүүлэх лабораториуд болон цэргийн стратегийн байршлуудад агаарын довтолгоо хийжээ.
Израилын талаас мэдээлснээр Иран улс нууцаар цөмийн бөмбөг хөгжүүлж байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй учир энэ ажиллагааг явуулсан гэжээ. Улмаар Израилын зэвсэгт хүчин Ираны цөмийн зэвсэг үйлдвэрлэлийг саатуулж, үндэсний аюулгүй байдлаа хангах зорилгоор агаарын довтолгоо явуулсан хэмээн эх сурвалжуудад хэлсэн байна.
Довтолгооны улмаас дэлхий даяар зах зээлд хүчтэй доргилт үүсэж, алт болон газрын тосны үнэ огцом өсөж эхэллээ. Тухайлбал, Brent маркийн газрын тосны үнэ нэг өдрийн дотор 8.5 хувиар өсөж, 75.3 ам.долларт хүрсэн бол алтны ханш 3,451.8 ам.долларт хүрчээ.
Шинжээчдийн үзэж буйгаар уг үйл явдал дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна.Нэн түрүүнд газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан үйлдвэрлэл, бүтээн байгуулалт удааширч, эдийн засгийн өсөлт унах эрсдэлтэй юм.
Мөн хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийж, алт зэрэг тогтвортой хөрөнгө оруулалт руу шилжиж буй нь эдийн засгийн тэлэлтийг хязгаарлах боломжтой. Түүнчлэн, бүс нутгийн хурцадмал нөхцөл байдал олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн нөөцийн урсгалыг хязгаарлаж, дэлхийн эдийн засагт томоохон саад учруулж болзошгүй байна.
Энэ үйл явдал олон улсад хэрхэн нөлөөлөх нь цаг хугацааны явцад тодорхой болох боловч эдийн засгийн тогтворгүй байдал нэмэгдэх хандлага ажиглагдлаа.
Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19
+976 7010-0261