{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЧЭЭ
Банк бус санхүүгийн зах зээл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЧЭЭ


Үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод өнгөрсөн онд 25 хувийн өсөлт үзүүллээ хэмээн Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. 

Дээрх салбаруудыг СЗХ зохицуулдаг бөгөөд үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2017 оны жилийн эцэст  2.4 их наяд төгрөгт хүрсэн нь 2016 оноос 65.9 хувийн өсөлт үзүүлсэн нь түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Зах зээлийн үнэлгээг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулбал 9 хувьд хүрчээ. Улмаар үнэт цаасны шинээр гаргасан үнэт цааснууд амжилттай арилжигдсан нь тус салбарт зах зээлийн эрэлт нэмэгдснийг илтгэжээ.

Тодруулбал өнгөрсөн онд үнэт цаасны нийт арилжаа 860.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд хувьцааны арилжаа 78.1 тэрбум, Засгийн газрын үнэт цаасны арилжаа 772.5 тэрбум, компанийн бондын арилжаа 10.2 тэрбум төгрөг байсан. “Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн ТОП-20 индекс 66.5 хувиар,  MSE-ALL индекс 33.1 хувиар өсчээ.

Хөрөнгийн зах зээлд нийт 52 үнэт цаасны компани болон Хорооны үнэт цаасны бүртгэлд бүртгэлтэй 300 хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна.

Хөрөнгийн зах зээлийн өсөлтөд жин дарсан гол арилжаа бол ЗГҮЦ-ны арилжаа юм. Мөн онд анхдагч зах зээлийн арилжаагаар 6.7 сая ширхэг үнэт цаасыг 630.2 тэрбум төгрөгөөр арилжиж, харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 1.4 сая ширхэг үнэт цаасыг 142.3 тэрбум төгрөгөөр арилжжээ.

ДААТГАЛЫН САЛБАРЫН НӨХӨН ТӨЛБӨР 31.9 ХУВИАР ӨСЧЭЭ

Харин даатгалын салбарын нийт хөрөнгө 2017 оны жилийн эцсийн байдлаар 244.7 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 17.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Салбарын нийт хөрөнгийн 79.1 хувийг ердийн даатгалын компаниуд, 3.2 хувийг урт хугацааны даатгалын компани, үлдсэн 17.7 хувийг давхар даатгалын компани эзэлж байна.

Салбарын нийт хураамжийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 26.1 хувиар нэмэгдэж, 144.3 тэрбум төгрөг болсон ба үүний 97.8 хувийг ердийн даатгалын хураамж, 0.9 хувийг урт хугацааны даатгалын хураамж, үлдсэн 1.3 хувийг давхар даатгалын хураамж эзэлжээ. 

Даатгалын салбарынхан өнгөрсөн онд 45.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлсөн нь өнгөрсөн онтой харьцуулбал 31.9 хувиар өсчээ. Нийт нөхөн төлбөрийн 98.0 хувийг ердийн даатгалын компаниуд гаргасан бол 2.0 хувийг урт хугацааны даатгалын компани гаргажээ.

Түүнчлэн даатгалын салбарын цэвэр ашиг өнгөрсөн оноос 15.7 хувиар өсч, 13.2 тэрбум төгрөг болжээ. Цэвэр ашгийн өсөлтийн гол шалтгаан нь давхар даатгалын компанийн цэвэр ашиг 55.6 хувиар өссөнтэй холбоотой аж. Тайлант жилд ердийн даатгалын компаниудын цэвэр ашиг 8.7 тэрбум төгрөг, урт хугацааны даатгалын компанийн цэвэр ашиг 0.2 тэрбум төгрөг, давхар даатгалын компанийн цэвэр ашиг 4.3 тэрбум төгрөгт  хүрсэн байна. Нөөц сан өнгөрсөн жилээс 26.9 хувиар нэмэгдэж, 118.1 тэрбум төгрөгт хүрчээ.

ББСБ-УУД 5.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ

Санхүүгийн зах зээлд  534 банк бус санхүүгийн байгууллага  үйл ажиллагаа явуулж байгаагийн 90 хувь нь зээлийн үйлчилгээ эрхэлж буй юм.

Салбарын нийт хөрөнгийн хэмжээ тайлант онд 969.2 тэрбум төгрөгт хүрсэн нь ДНБ-ийн 3.6 хувьтай тэнцүү байна. Нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оноос 23.1 хувиар өссөн ба хөрөнгийн өсөлтийн 84.6 хувийг хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт бүрдүүлж байна. ББСБ-уудын активын бүтцийг харахад, нийт зээлийн өсөлт хөрөнгийн өсөлтийн 88 орчим хувийг бүрдүүлж байна.

ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсний дүнд ББСБ-уудын хөрөнгийн хэмжээ нэмэгдэж улмаар зах зээл дэх зээлийн нийлүүлэлт өсчээ. Салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнээр банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, зээлийн бүтээгдэхүүний үнэ болох хүүгийн түвшин буурч буй зэрэг эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж байна.

Өнгөрөгч онд салбарын нийт зээлийн хэмжээ өмнөх оноос 33.4 хувиар өсөж 638 тэрбум төгрөгт хүрч, ББСБ-уудын зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 4 хувиас буурч 3.4 хувьд хүрлээ. 2017 оны байдлаар ББСБ-уудын нийт ашиг 13 хувиар өсөж 66.8 тэрбум төгрөгт хүрчээ.

2017 оны байдлаар хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн эрхтэй  290 хоршоо, 55,624 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж. 2017 онд салбарын нийт цэвэр ашиг 5.5 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн онтой харьцуулахад 42.4 хувиар нэмэгдсэн нь 2012 оноос хойш хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ.

Цэвэр ашгийн энэхүү өндөр өсөлтөд хадгаламж, зээлийн хоршоодын нийт орлогын өсөлт голчлон нөлөөлсөн бөгөөд нийт орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.9 хувиар нэмэгдэж, сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хувьд хүрчээ.

Эх сурвалж: Montsame.mn


Бусад мэдээ